“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд- 2022” болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд- 2022” арга хэмжээг зохион байгуулж байна.
Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Д.Батсүх нарын албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний үеэр үзэсгэлэн худалдаа, боловсролын яармаг, хоол үйлчилгээ гэх мэт тус орны соёлыг илгтгэсэн олон төрлийн үйл ажиллагаа явагдаж байна. Мөн Солонгос дуу бүжгийн “The Core studio” хамтлагийн монгол залуус kpop урсгалын уран бүтээлээ хүүхэд залуучуудад зориулан толилуулсан бөгөөд куккивон таэквондогийн үзүүлбэр болон БНСУ-д алдартай “HAHTA: J STICK” хамтлаг бөмбөртэй үзүүлбэрээ сонирхууллаа.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр бөгөөд зорин ирсэн хүн бүр “OPEN MIC” дууны тэмцээн болон “OX” асуулт, хариултын тэмцээнд оролцох боломжтой. Мөн Солонгосын үндэсний хөгжмийн “VIDAN” хамтлагийн тоглолт болж “RED SHOES” уран сайхны киног үзүүлнэ.
Харин 9 дүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч Шин Тэ Хигийн өөрийн гараар хийсэн Солонгос үндэсний хоолны амталгаа явагдаж, Солонгосын алдарт Make-up Artist Лим Чун Су хүрэлцэн ирж “K-Beauty Make Up” шоу зохион байгуулна.