Нордикийн орнууд болон Эстони Улсад суугаа Өргөмжит консулуудын уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-02 13:23:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Нордикийн орнууд болон Эстони Улсад суугаа Өргөмжит консулуудын 5 дахь удаагийн уулзалт Стокхолм хотноо өнгөрсөн сарын 24-нд зохион байгуулав.


Энэ удаагийн уулзалтад Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Шьетил Крэйн, Данийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Майкл Хаслунд, Финланд Улсад суугаа Өргөмжит консул Хенрик Яанкес болон Эстони Улсад суугаа Өргөмжит консул Лийси Каринди нар оролцов.


Уулзалтын үеэр Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтууд, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон ажлууд болон гадаад харилцааны салбарын талаар санал солилцов. Мөн Монгол Улсын консулын үйлчилгээ, цахим визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.


Цаашид Өргөмжит консулуудтай хамтран Нордикийн орнуудад динозаврын явуулын үзэсгэлэн гаргах боломжийг судлах, Хөвсгөл далайг хамгаалах, аялал жуулчлалыг дэмжих, монгол бүтээгдэхүүнийг Нордикийн зах зээлд таниулах , соёл, боловсролын харилцааг идэвхжүүлэх, 2023-2024 онд тохиох хоёр талын дипломат харилцааны тэгш ойгоор соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зэрэгт хамтран ажиллахаар болов. Уулзалтын дараа Өргөмжит Консулууд Стокхолмын Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй монголын түүх,  соёлын өв, дурсгалуудтай тусгайлан танилцав.

Холбоотой мэдээ