Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй байхаар батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-29 21:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон  Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан.


Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.


Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн эцэслэн батлах санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувь дэмжиж баталлаа.

Холбоотой мэдээ