Элчин сайд Д.Даваасүрэн Өмнөд Австрали мужид ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-29 21:16:06
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 8 дугаар сарын 29-нд Өмнөд Австрали мужид ажиллаж, тус мужийн захирагч Франсес Адамсон, Парламентын дээд танхимын ерөнхийлөгч Тэрри Стэфэнс, Өмнөд Австралийн их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Габриеллэ Ролан, Аделэйдийн их сургуулийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан захирал Глен Стаффорд нартай тус тус уулзав. 


Элчин сайд Д.Даваасүрэн Өмнөд Австралийн захирагч Ф.Адамсонтой уулзах үеэрээ хоёр талын боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.


Түүнчлэн Парламентын дээд танхимын ерөнхийлөгч Т.Стэфэнстэй парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Австралийн Парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулахад дэмжлэг хүсэв.


Мөн Өмнөд Австралийн Парламент дахь номын сангийн үйл ажиллагаа, уг номын санд хадгалагдаж буй Монголтой холбоотой ном, бичвэрүүдтэй танилцав.


Өмнөд Австралийн их сургууль, Аделэйдийн их сургуулийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар хоёр талын оюутан солилцоог нэмэгдүүлэх, монгол оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн тусгай хөнгөлөлт үзүүлэх, их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хамтын ажиллагааны бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.





Холбоотой мэдээ