Энэтхэг, Номхон далайн бүсийн орнуудын Эдийн засгийн сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-08-24 10:17:29

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Засгийн газар Энэтхэг, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаарх анхны сайд нарын түвшний биечилсэн уулзалтыг Лос-Анжелес хотноо ирэх есдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулна гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.


Австрали, Энэтхэг, Япон, БНСУ зэрэг Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегийн 13 гишүүн орны Эдийн засгийн сайд нарын түвшний уулзалтыг АНУ-ын Худалдааны сайд Жина Раймандо, Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай нар хамтран даргална.


Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Лос-Анжелест болох уулзалтын үеэр талууд АНУ-ын тэргүүлсэн худалдааны санаачилгатай холбогдуулан албан ёсны хэлэлцээг эхлүүлэх тохиролцоонд хүрэхийг эрмэлзэх төлөвтэй байна.


АНУ-ын Худалдааны яамны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Раймандо, К.Тай нар уулзалтад оролцогчидтой худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, цэвэр эрчим хүч ба дэд бүтэц, татвар ба авлигатай тэмцэх дүрэм зэрэг дөрвөн тулгуур сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх ажээ.


Хөрөнгө оруулалт хийгээд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “өндөр стандарттай, хүртээмжтэй эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэх” санаачилгыг гаргаснаас хойш гишүүн орнууд сайд нарын болон ажлын түвшний төлөөлөгчдийг оролцуулсан цахим хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байгаа талаар тус яам мэдээлсэн байна.


Ирэх сард болох уулзалтад Япон улсаас Эдийн засаг, худалдааны сайд Нишимүра Ясүтоши оролцохоор төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Уг стратегийн бүрэлдэхүүнд мөн Бруней, Фижи, Индонез, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг. 

Холбоотой мэдээ