ДУНДГОВЬ: Сүүлийн гурван жилд 8 иргэн тогтоол ус, өнжмөл нууранд орж амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-23 15:37:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ОБГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ-ын өрнүүлж буй “Би хариуцлагатай иргэн-үер усны аюулаас болгоомжильё” аяны хүрээнд “Сүм хөх бүрд” амралтын газарт өдөрлөг зохион байгуулав.

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох”  тус өдөрлөгийн үеэр иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч, танилцуулах материал тарааж, усанд хөл алдсан үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аварч, анхны тусламж үзүүлэх тухай зааварчилгаа өгчээ.


Дээрх байгууллагуудын хамтарсан “Би хариуцлагатай иргэн-үер усны аюулаас болгоомжильё” аян энэ оны 7 дугаар сарын нэгнээс 9 дүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдийн үер усны аюулд өртөх, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, эрсдлийг бууруулах зорилготой юм.  

Аяны хүрээнд тогтоол ус, өнжмөл нууруудын ойролцоо сэрэмжлүүлэх самбар байршуулах, сургалт зохион байгуулах, гарын авлага материал тараах, өдөрлөг зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж байна.

Дундговь аймгийн хувьд хангайн аймгуудтай харьцуулахад үер усны аюул бага боловч сүүлийн гурван жилд 8 иргэн тогтоол ус, өнжмөл нууранд орж амь насаа алдсан бөгөөд тэдгээрийн 4 нь бага насны хүүхэд байжээ.

Иргэдийн амралт зугаалгын цаг үргэлжилж байгаа тул гэр бүлээрээ тогтоол ус, өнжмөл нуурын ойролцоо буудаллан амрах, зугаалах зэргээр цагаа өнгөрүүлэх нь элбэг, түүнчлэн энэ жил хур бороо элбэг, үе үе хэт халалтаас үүдэн байгалийн гэнэтийн аюулт үзэгдлүүд тохиох магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлж байна.  

Холбоотой мэдээ