БАЯН-ӨЛГИЙ: Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо орон нутагт үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-23 10:54:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлаас Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийг холбогдох шаардлагыг хангасан эрүүл мэндийн байгууллагуудад өмчийн хэлбэр харгалзахгүйгээр гүйцэтгэлээр олгохоор хуульчилсан. Уг шийдвэр гарснаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн боломж сайжирч эхэлсэн байна.


Тус байгууллагын жилийн төсөв 12 тэрбум төгрөг байдаг аж. Үүнээс 11,8 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авч, 152,4 сая төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны орлогоос бүрдүүлдэг. Өмнөх жилүүдэд баталсан төсөв нь хүрэлцдэггүйн улмаас оны эцэст өртэй гарч, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг нэмэх, урамшуулал олгох боломжгүй явж иржээ.


Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт орж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр Нэгдсэн эмнэлгийн орлого нэмэгдэж, хуримтлагдсан бүх өр төлбөрөө барагдуулжээ. Мөн нийт ажилчдынхаа цалинг 15 хувиар, 25-аас дээш жил ажилласан эмч, ажилчдын цалинг 25 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. 


Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ч эерэг нөлөө үзүүлж эхэлснийг албаны хүмүүс хэлж байна. Учир нь мэдлэг чадвартай, олон хүнд хүрч ажиллаж чадсан эмч, эмнэлгийн ажилтан өндөр цалин авах боломжийг дээрх санхүүжилтийн тогтолцоо олгож байгаа ажээ. 

Холбоотой мэдээ