УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-10 09:16:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ гэсэн хэсгийн парламентат ёс, бүтцийн  талаар хэлэлцсэн тэмдэглэлээс  уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- 21 дүгээр зүйл хоёр хувилбартай байгаа. Зүгээр өөр хувилбараар санал оруулж ирэхийг үгүйсгэхгүй Эхлээд асуудлуудаа яриад... дараачаар нь саналаа ярья.

А. Болат:- Яг ийм системтэй  байхаар нэг танхимтай гэж нэрлэж болмоор юм шиг байна. Хуучин Ардын их хурал /АИХ/ гэж байгаа энэ системийг үгүй хийгээд одоогийн Баг хурал хэв маягаар ингэж нэг танхимтай байхаар хийж байгаа энэ төслийг ард түмнээр хэлэлцүүлсэн байдал яаж гарсан байна. Нөгөө социологийн судалгаа хийхэд энэ хэр дэмжигдсэн байна вэ гэсэн ийм хоёр тоо мэдмээр байна.

С. Баяр:- Их хурал нэг танхимтай, энэ өнөөдрийн байгааг хоёр танхимтай гэж хэлж болохгүй юм л даа. Болат гуай. Энэ бол танхим биш юм. Тэгэхээр ямар ч байсан, энгийн дан бүтэцтэй, ганц байгууллага байхаар 123 санал ирүүлснийг хүлээж авсан юм. Одоо ийм дан бүтэцтэй байх. Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэгт орсон нэр бүхий эрдэмтэд, мэргэд, ард түмний төлөөлөгчид ерөөсөө энүүгээр оруулах нь зүйтэй юм гэдэг шийдвэрийн дагуу оруулсан. Нэг нь 4 жилээр сонгогддог дан юутай, нөгөөх нь 6 жилээр сонгогддог, УИХ-ын бүрэн эрх дуусдаггүй, зөвхөн тэр гишүүний бүрэн эрх дуусаад байдаг, ийм хоёр хувилбараар оруулж ирж байгаа л даа. Энэ хоёрын хооронд зарчмын том ялгаа бий. Яг тээрэн дээр очоод хувилбаруудын ялгаа, аль аль нь давуу талтай аль аль нь өөрийн сул талтай тэр тухай асуудлаар нь ярьж болох байх гэж санаж байна.

Д. Батсүх:- УИХ-ын гишүүнээр Монгол улсын 30 нас хүрсэн иргэнийг сонгоно гэж. Нас заадаг хуультай ямар улс орнуудын байна. Бид 18 нас хүрсэн Монгол улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж баталсан, энэтэй зөрчилдөх үү, үгүй юу? Ж. Амарсанаа:- Үндсэн хуульд нас ялгаж заасан дэлхийн 110 орон байгаа гэсэн судалгаа бий. Дээд, доод танхимаар нь 18- 40 насны хооронд гээд ялгаад заачихсан байна.


С. Төмөр:- 30 нас өндөр гэж нэг талаас хэлж болох байх, гэхдээ дэлхийн дундаж бол 25 нас байсан. УБХ хавар хэлэлцэхэд 25 байсныг 30 болгосон шүү дээ.

С. Баяр:- УИХ-ын гишүүний хувьд заавал 30 насаар тогтоох шаардлагагүй юм. Ер нь энэ бол сонгогчдынх нь шийдэх асуудал юм болов уу гэж. Нас тогтоосон олон газар бий. 

Д. Пүрэв:-Гишүүдийн тоог 75-аар тогтоож хэлэлцүүлсэн шүү дээ, энэ тоог их, бага гэсэн дүгнэлт гарч ирэв үү тэрийг нэгдүгээр танилцуулмаар байна. Хоёрдугаарт, Их хурлын бүрэн эрхийн хугацааг 4 жилээр тогтоосон хувилбар чинь ард түмнээр хэлэлцүүлэхэд байгаагүй. Энэ хувилбар ард түмний саналаар гарч ирсэн юм уу, тэр 6 жилтэй хувилбарыг өөрчилье гэсэн санал байгаа юм байна шүү дээ, тийм юм байна уу, үгүй юу. Энэ талаар тодотгол авъя.

С. Төмөр:-Гишүүдийн тооны талаар ирсэн хувилбаруудыг нь би хэлчихье. 75, 50-78, 100-120, 85-40, 65, 55, 120, 150 гишүүнтэй байна гэсэн хувилбарууд орж ирсэн. 75 гэдгийн учрыг бид урьд нь тайлбарлаж байсан шүү дээ, уг нь. Жилүүдийн хувьд бол 4 жил, 3 жил, 5 жил, 6 жил гэсэн ийм хувилбарууд орж ирсэн. Тэрнээс гадна, хэрэв ратацитай байх юм бол 5 жилээр сонгоод 2.5 жилээр ратаци хийе, 6 жилээр сонгоод 3 жил тутамд нэг ратаци хийе, 5 жил болгоод 3 жилд гишүүдийнхээ хоёрны нэгийг нь ратаци хийж явъя, гэсэн 3 төрлийн санал ирсэн. Радио, телевиз сонин хэвлэлээр ирсэн захидлыг үзэхэд 6 хийгээд хоёрны нэгийг ратаци хийхийг дэмжээгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт, нэгэнт олон хувилбар орж ирсэн учраас дундж болгож 4 жилийг авч үзсэн юм. Өөрөөр хэлбэл А хувилбар. Тэгээд Б хувилбар нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэг гэж хоёр хувилбартай дугаар зэрэг оноогоогүй, зүгээр л тавьчихсан гэдгийг хэлэх гэсэн юм.


Р. Гончигдорж:- За саналдаа орох уу?

Р. Хатанбаатар:-Бид парламентын тухай ярьж байгаа үедээ зүйл анги, үг үсэг хөөцөлдөөд явчихмааргүй байна. Юуны өмнө шууд манай парламент ямар байх ёстойгоо л ярилцъя гэсэн горимын санал байна. Парламент нь хэдэн танхимтай байх юм, ямар хугацаатай байх юм, ратацитай байх юм уу Засгийн газар парламенттайгаа байх юм уу, үгүй юм уу гээд, Ерөнхийлөгч, парламент хоёр хоорондоо ямар харьцаатай байх юм, энэ бүгдийг ярмаар байна.

Р. Гончигдорж:- За нэг танхимтай байх, хоёр танхимтай байх эсэх асуудал бол Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх уу, үгүй юу гэдэгтэй холбоотой учраас эхлээд энэ асуудлыг яръя гэсэн горимын санал гаргаж байгаа юм байна.

Д. Лүндээжанцан:- Тэгэхдээ ер нь хоёр танхимтай байх, нэг танхимтай байхаас ургуулаад, ерөнхийгөөсөө тусгай руу явах уу энгийнээсээ эхлээд цаашаагаа явах уу гэдэг асуудал яригдана. Өнөөдрийнх бол хоёр танхим хараахан биш л дээ. Тэгэхдээ энэ хоёрын завсрын байж болох уу гэдгийг яриад дараагаар гишүүд ратаци, хугацаа, Засгийн газар ямар байх уу гэдгээ, тэгээд Ерөнхийлөгчийн харьцааны асуудлыг аваад үзвэл яасан юм бэ гэсэн Хатанбаатарын саналыг дэмжиж байна.

Р. Гончигдорж:- Алийг эхний асуудал болгож санал хураах вэ гэж. Засгийн газрын гишүүд парламентат орох эсэх тухай эхэлж санал хураах уу, эсвэл нэг танхимтай байхуу, хоёр танхимтай байх уу гэдэг дээр санал хураах уу. Дарааллын хувьд.

Хоёр танхимтай байна гэсэн санал орж ирж байна. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 17,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 1, бүгд 40 байна. Энэ дээр татгалзсан 22 гээд тодорхой байна.


Д. Лүндээжанцан:-УИХ-д 75 хүн 6 жил, 4 жилээр сонгогдоод суухаар бол, үнэндээ бүх эрх мэдэл ганцхан газар төвлөрөөд, хэт бөөгнөрөөд байгаа ийм тал байгаа юм. Миний хувьд ямар саналтай байна гэвэл /гишүүний хувьд/УИХ 120-130 гишүүнтэй эдгээр нь гишүүд нь гишүүдийнхээ дотроос хувь тэнцүүлэх замаар, намын авсан суудлын тоогоор 40 орчим хүн УБХ буюу доод танхимдаа ажилладаг, тэр 120-130 хүн маань орон нутагтаа амьдраад жилд 2-оос доошгүй удаа чуулаад, УБХ-аар сайшаасан энэ хуулиудыг эцэслэн баталдаг, Засгийн газраа эмхлэн байгуулдаг, тайланг нь сонсдог, төсөв хэлэлцэн баталдаг байвал яасан юм бэ? Ингэвэл Засгийн газрын томилсон Засаг дарга орон нутгийн захиргааг удирдах бололцоотой болно. Олон шатны хурал хэрэггүй болно. Ингээд орон нутаг, төрийн дээд байгууллага хоёрын холбоог хангаж өгөх юм. Харин бүрэн эрхийн хугацаа 5 жил, 2.5 жилд ратациар өөрчилж байна гэсэн саналтай байна.

Б. Чимид:-Би зүгээр комиссын гишүүн, ажлын группийн ч гэх юм уу өмнөөс хэлмээр байх юм. Бид хавар нэг танхимтай ратацитай гэж тохиролцсон, ажлын хэсгээс 4 жил ратацигүй болгоод ирсэн, хаврын төслийг хүндэтгээд хэвээрэнг нь оруулж байгаа. Ер нь хэдэн язгуур асуудлыг авч үзмээр байна. Нэгдүгээрт, Монгол улс парламентат ёсонд шилжих үү, үгүй юу гэсэн асуудал байна. Хэрэв парламентат ёсонд шилжинэ гэвэл байнгын ажиллагаатай парламентаттай байх ёстой. Жилдээ нэг ирдэг ийм съездый маягтай байгууллагаас салах болсон. Хоёрдугаарт, бид энэ хуулиараа эрс шинэтгэлийн хууль хийх үү, саармаг хууль хийх үү гэсэн асуудал байна. Төрийн талаар шинэтгэл хийнэ гэвэл парламентад ёсоо төгс бүрэлдүүлэхийг оролдох хэрэгтэй юм. Одоогийн байгаа бүтцийг Монгол улс 1924-1949 он хүртэл, 1990-1991 он хүртэл хоёр удаа хэрэглэлээ. Тэгэхээр энийг агшаах, сунгах маягаар үлдээх үү, эсвэл шилжүүлэх үү гэдэг асуудал дээр байгаа юм. Парламентат улс гэж тунхаглаад парламентын ёсонд шилжинэ гэвэл өөрийнхөө бололцоо хэмжээ, шаардлагад тохирсон байнгын ажилладаг, мэргэшсэн /ямар нэгэн хэмжээгээр/, ийм нэр хүнд бүхий парламенттай байх ёстой. Нэг, хоёр танхимтай байх тухай асуудлын аль нь ч гэсэн сайн талтай, аль нь ч гэсэн муу талтай хоёр танхим гэдгийг зөвөөр ойлговол зүйтэй байх. Энэ бол хэн хэнийгээ захирдаг, нэг нэгнээсээ ойчсон ийм байгууллага байдгийг хэлж байгаа юм бишээ.


Харин хууль тогтоох ажлыг зэрэг буюу цувуулж хэлэлцдэг, адилхан эрхтэй, хоёр янзын туршлагатай, хоёр янзын хөтөлбөрөөс, бүрдсэн ийм парламентыг хэлж байгаа юм. Хоёр танхим буюу нэлээд тийм консерватив чиглэлтэй хэсэг нь бол төрийн туршлагатай ажилтнуудаас бүрддэг. Ерөнхийлөгч, сайд юу байдаг юм, зарим оронд язгууртан, энэ хэсэг нь, нөгөө хэсэг нь жинхэнэ ажлын залуу парламентчдыг голдуу авч байдаг ийм хэсэг нь байж байдаг. Тэгэхээр одоо хоёр танхимтай гэдгийг бол тэр Их хурлаас Бага хурал нь гардаг, ер нь цөмөөрөө хууль тогтооно гэж ирчхээд хагасаараа тогтоолгодог ийм систем биш юм. Бид одоо энийг хууль зүйн үүднээс сайн авч үзэхгүй бол болохгүй. Парламентад 2, 3 шинж байгаа юм нийтээр. Нэгдүгээрт, парламент бол ард түмнээсээ шууд үүсмэл байх ёстой, дам биш. Одоо бол дам байгаа, шилжилтийн гэж нэрлэж байгаа, улс төрийн тодорхой нөхцөлд, улс төрийн хүчнүүдийн тохиролцоонд үндэслэсэн, ард түмэн ямар нэг хэмжээгээр зөвшөөрсөн. Ийм систем дээр байж байгаа. Тэгэхээр хэрэв парламентаас парламентын танхим үүсэж гарвал түүнийг парламент гэж хэлэх арга байхгүй. Харин тэр парламентын чинь гүйцэтгэх байгууллага болж хувирдаг. Ийм учраас парламентын нэг дэх шинж бол ард түмнээрээ шууд үүсмэл юм уу, эсвэл ард түмнээс тодорхой хэсэг нь зөвшөөрсөн тэр аргаар тодорхой хэсэг нь бүрддэг ийм байх ёстой. Хоёрдугаарт, бүрэн төгс эрхтэй байх ёстой. Хууль тогтоох байдал бүрэн төгс эрхтэй байх, парламентын тогтоосныг ямар нэг газар нялаад хаячихдаггүй, түрүүгээрээ хариуцлага хүлээдэг байх ёстой. Гуравдугаарт, парламент бүрэлдэхүүний ирцийн хувьд хүчин төгөлдөр байх ёстой. Тэрнээс биш 120-150-иад хүн сонгочхоод 40 нь сууж байна гэдэг бол 370 депутат сонгочхоод 6-7 тэргүүлэгч гишүүн хууль тогтоож байсантай яг адилхан. Ганцхан агшсан, сунаснаараа ялгаатай байна. Ийм учраас бид нэлээд мэргэжлийнх нь талаас авч үзвэл яасан юм бэ? Хоёр танхимтай гэвэл зэрэгцээ эрхтэй, хоорондоо холилдоод байдаггүй...


А. Болат:- Доод танхимыг заавал парламент сонгоно гэсэн юм ярьдаггүй шүү дээ.

Б. Чимид:- Доод танхим биш, Монголд дээд, доод танхим гэж нэрлэвэл ойлгогдохгүй гэж бодож байна.

А. Болат:- Тэрнийг ч гэсэн ард түмэн шууд сонгож болно шүү дээ.

Б. Чимид:- Доод, дээд гэдэг үгийг хэлчих юм бол дээдэх нь захиргааддаг гэсэн психологийн ийм ойлголт явчихна. Тийм учраас юу гэдэг юм. Зөвлөхүүдийн танхим гэдэг юм уу, төлөөлөгчдийн танхим гэдэг юм уу, эсвэл Хуралдай , жасаа гэдэг юм уу түүхэн нэр байж болох байх. Бундестаг, Бундестарат гэдэг шиг. Тэгэхээр энэ хоёрын маань эрх тэгш байх ёстой. Нэг нь нөгөөгөө хүчингүй болгодоггүй, харин нэг нь нөгөөгөө барьж, хянаж байдаг. Доод танхимаар орсон хууль, дээд танхимаар ордог, эсвэл зэрэг хэлэлцдэг., энэ хоёрын санал нийлсэн цагт хууль гардаг, санал нийлэхгүй бол дундаасаа комисс гаргаж зөвшилцөн шийддэг, тэгээд шийдэхгүй бол хууль гардаггүй, энэ бол нэлээд хүнд сурталтай хэлбэр л дээ. Яагаад вэ гэхээр нэг хууль бол 3, 4 сар болж гарна. Яагаад вэ гэвэл доод танхимаар хэлэлцсэн хуулийг дээд танхим /зарим орны практикаас үзвэл/ сараас доошгүй хугацааны дараа авч хэлэлцэх ёстой. Тэр хооронд чих чагнаж байдаг байхгүй юу, энэ хуулийг хүмүүс юу гэж үзэх нь вэ гэж. Судалж байдаг, эксперт гаргаж байдаг ийм юм. Зэрэг хэлэлцдэг парламент бол яахав харьцангуй түргэн гардаг. Хоёр газар шүүж байгаагийн хувьд хууль сайн гарах талтай ийм л юм. Манай нэг танхимт бол жаахан хялбар, тэгэхдээ бас ганцаараа шийдээд байгаа гэсэн ийм ойлголт төрүүлээд байгаа ийм сул талтай гэж ерөнхийд нь хэлж болох юм. Тэгээд энэ дээр санал хураагаад шийднэ. Хоёр танхимтай болгоё гэвэл бүхэл бүтэн зарчмын, хэдэн үндсэн асуудал хэлэлцэх ёстой. Бид зүгээр хоёр вариант оруулсан, гурав дахь нь гарч ирж магадгүй, ямар нэг хэмжээний юм төлөвлөсөн байж байгаа.


С.Баяр:- Хоёр танхимд давуу тал бий. Ер нь хууль тогтоох үйл явц маань хэт хялбар болох юм бол бас хуулийн чанар, элдэв юманд нөлөөлдөг, тэр үнэн. Тийм тал бий. Тийм учраас зохих ёсны цаг хугацааны шалгуур, хоёр, гурван шүүр тавих гэсэн юмнууд байх шаардлагатай. Ер нь бол хоёр танхимд давуу тал бий. Тэгэхдээ дутагдалтай тал бас бий л дээ. Жишээ нь манай өнөөгийн нөхцөлд ямар хоёр дутагдалтай тал нь айхтар нөлөөлчхөж магадгүй гэж ажлын хэсэг дээр яригдсан юм. Нэгдүгээрт, хоёр танхим гэдэг маань салан тусгаарлах, бие даах тал руу нэлээд чирдэг, ерөнхий бүтэц нь. Дээд танхим нь ерөнхийдөө тухайн нэгж, холбооны улсад бол муж улсуудаас төлөөлөгч сонгодог учраас манай энэ 18 аймгийг нөгөө нэг штат болох бүгд найрамдах улсын хэмжээнд оруулах энэ тэр гэсэн нэг тийм юм руу чирээд явчхаж, өөрөөр хэлбэл төвийн эрх ашиг орон нутгийн эрх ашгийг хооронд нь зөрөлдүүлэх, мөн тэгээд дээд танхим, доод танхим гэх юм уу энэ хоёрын хооронд айхтар зөрчил гарч, улмаар бас улс төрийн байдлыг хүндрүүлэх нэг тийм аюултай юм байгаа юм. Хоёрдугаарт, энэ айхтар хүнд суртал гэдэг нь бид нар өнөөдөр 100 гаруй хууль гаргах ёстой байгаа. Энэнийхээ гуравны нэг рүү нь дөнгөж ороод байгаа. Бид амжихгүй учраас Засгийн газар маань бидний хуулийг төлөөлсөн тогтоолоор өнөөдөр аргацаагаад явж байна шүү дээ. Тэгэхээр ойрын 3-5 жил магадгүй 10 жил хууль тогтоох үйл явц маш хурдан явж, магадгүй зарим чанаргүй гаргасан юм аа нөхөн сэлбэж байх ийм боломж бололцоо байх ёстой юм. Тийм учраас энэ хүнд суртлыг аль болох багасгах ийм хандлага нь зүйтэй юм болов уу гэсэн хоёр гол зүйл яригдсан л даа. Товчхон хэлэхэд энэ хоёрыг харгалзан үзсэн байгаа юм.


Р. Гончигдорж:- Ажлын хэсгийн тайлбарыг сонслоо. Түрүүчийн хураасан санал дээр дахин санал хураалт явуулъя. Хоёр танхимтай гэдгийг зөвшөөрч байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 0, бүгд 40 байна.

За олонхын дэмжлэг авахгүй байна. Тийм учраас нэг дахим дээрээ яръя гэжээ.

Үргэлжлэл бий.                     Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ