Туул голын эргээр өдөр бүр 10-20 цагийн хооронд эргүүл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-11 19:08:08

Туул голын сав газарт онцгой байдлын алба хаагчид өдөр бүр 10-20 цагийн хооронд эргүүл хийж, иргэдэд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар заавар зөвлөгөө өгч байна.

Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор ОБЕГ-аас энэ сарын 5-26-ны өдрүүдэд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон юм. 21 хоногийн хугацаатай үргэлжилж байгаа дээрх арга хэмжээний хүрээнд нийслэлд Туул голын сав газарт НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай анги тус бүрээс 8 албан хаагч эргүүл хийж байгаа юм.

Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Төв, Завхан, Баян-Өлгий зэрэг гол, усны осол ихээр тохиолддог аймгуудын Онцгой байдлын газрууд голын ай сав дагуу, хүмүүс усанд их ордог газруудад өдөр бүр 8 албан хаагчийг томилгоожуулан, офицероор ахлуулан үүрэг гүйцэтгэж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ