Люксембургийн сайд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-07-28 10:51:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй Люксембургийн Их Вант улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Франц Faёт тэргүүтэй Люксембургийн Засгийн газрын төлөөлөгчид Хөвсгөл аймагт зочилж байна. Айлчлалд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн доктор Халид Шарифи болон Эрүүл мэндийн яам болон түүний холбогдох байгуулгуудын баг оролцож байна.

Төлөөллөгчдыг Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан хүлээн авч уулзлаа. 



Зочид төлөөлөгчид Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөх тасгаар зочилж, Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар эх, нярайн эрүүл мэнд, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх төслүүдийн үр дүнтэй газар дээр нь танилцан орон нутагт тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөгч, эрүүл мэндийн ажилчид болон малчид, иргэдтэй санал солилцож байна.


2008 оноос эхэлсэн эх, нярайн тусламжийг сайжруулах төслийн хүрээнд тус аймагт нийт 358.5 сая төгрөгийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж суурилуулж, 42 мэргэжилтэнг 18 төрлийн эмнэлзүй, орчин үейин оношлогоо эмчилгээний арга барилд сургажээ. Эх нярайн зайн оношлогооны сүлжээгээр эх барихын хүндрэлийн 245, нярайн хүндрэлийн 69 тохиолдолд зөвлөгөө авч орон нутагтаа эмчилжээ.


Төслийн үр дүнд эх нярайн өвчлөл эндэгдэл тууштай буурч, бага жинтэй төрсөн нярайд үзүүлэх тусламж сайжирсан нь төслийн үр дүнг илэрхийлж байна.


Холбоотой мэдээ