Уур амьсгалын өөрчлөлтийн хариу ажиллагааг нийгмийн оролцоотойгоор хүртээмжтэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-07-07 17:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Монголын Улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” олон улсын хурлыг 2 өдөр зохион байгууллаа.  


Хуралд гадаадын улс орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-д, БОАЖЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Уур амьсгалын төв, Дэлхийн банк, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, ОБЕГ, төрийн болон ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, мөн Говь-Алтай, Өмнөговь, Дархан-Уул, Төв, Дундговь, Орхон аймгийн төлөөлөл, малчид, тариаланчид оролцов.  


Хурлын гол сэдэв нь Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэж байлаа. Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах нь чухал байгаа юм.


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө нь шударга, тэгш зарчимтай хэрэгжихэд анхаарч, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавх руу шилжих үйл явцыг илүү тэгш, хүртээмжтэй болгоход буюу “Шударга шилжилт”-д хувь нэмрээ оруулахад чиглэж байна. 


Хурлын төгсгөлд БОАЖЯ, Монголын Улаан загалмай нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг сөрөг нөлөөллөөс хамгаалах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Оролцогчдын байр суурийг хүргэвэл, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Цаг уур, даван туулах чадавх хариуцсан стратегийн түвшний ахлах зөвлөх Франческо Иани: Олон талын мэргэжилтэн, малчид, тариаланчид болоод төрийн байгууллага, судлаачид мэдлэг, туршлагаа хуваалцах нь энэ удаагийн хурлын үндсэн зорилго байлаа. Монголчуудад цаг уурын нөлөөлөл яаж мэдрэгдэж байгааг хэлэлцэж, бодитой арга хэмжээг тодорхойлохыг зорилоо. Монгол Улс цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд ноцтой өртөж байгаа орнуудын нэг. Газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн нь үүнийг батална. Бидний гаргасан судалгаагаар одоо авч байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэхгүй бол энэ байдал цаашид улам дордох, доройтсон газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй. Монгол Улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Үүн дээр иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлснээр хариу арга хэмжээ илүү хүртээмжтэй болно гэв.


Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан Ч.Нямхүү хэлэхдээ, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хур тунадас багасах, мөнх цэвдэг хайлах, усны нөөц багасах, бэлчээр доройтох гэсэн нөлөөлөлд бид автаж байна. Эдгээр нөлөөллийг зогсоож чадахгүй учир саармагжуулах, дасан зохицох сонголт бий. Тиймээс цаг уурын нөлөөллөөс хамааралгүй илүү тэсвэртэй амьжиргааг бий болгох, малын чанарыг сайжруулах, хашаа, саравчаа бат бөх болгох гэсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг таниулах чиглэлд анхаарч байна.


Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад хүн бүрийн хамтын оролцоо чухал. Нэг ч гэсэн хүн автомашин унахаа болих, шаардлагагүй үед гэрлээ унтраах, хог хаягдлаа дахин боловсруулах нь эх дэлхийн ирээдүйн төлөө оруулж байгаа бидний том хувь нэмэр юм” гэв.


Говь-Алтай аймгийн Тонхил сумын малчин Б.Мөнхбаатар: 
Манай суманд зундаа гандуу, халуун, өвөлдөө хүйтэн байдаг. Хэт халснаас болж сүүлийн 2 жил манай сумын гол горхи ширгэж, ус татарч байгаа. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж боддог. Үүнийг даван туулах, дасан зохицохын тулд хадлан тэжээл, хужир шүүгээ сайн бэлтгэн өвлийг өнтэй давахад анхаарах нь чухал гэдгийг ойлгож авлаа гэв.

Холбоотой мэдээ