“Өв-Эрдэнэ” соёлын биет бус өвийн театрыг ашиглалтад оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bolor@montsame.mn
2022-07-07 11:23:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио Tинто Монгол” компани нийгмийн хариуцлага, соёлын өвийг хамгаалах бодлогынхоо хүрээнд 2021 оны 12 сараас Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөлтэй санамж бичиг байгуулан хамтран ажилласны үр дүнд “Өв-Эрдэнэ” хэмээх соёлын өвийн театрыг ашиглалтад орууллаа.


Ингэснээр Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах их үйлсэд чухал ач холбогдолтой алхам болж байна. Уг театрт нийт ардын авьяастнууд, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлалыг өвлөн уламжлагч хүмүүс уран бүтээлээ толилуулах, баримтжуулах, сургалт, судалгаа хийх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах юм.

Соёлын өвийг дээдлэгч “Рио Tинто Монгол” компанийн 440 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү театрын интерьер дизайныг “Спринт Архитект” зураг төслийн компани боловсруулж, “Рэдлайн ХХК” дотоод заслын ажил гүйцэтгэж, тайзны гэрэлтүүлгийг D-Light компани, дуу хөгжмийн тоног төхөөрөмжийг “ITC Solution ХХК” суурилуулжээ.

Монголын олон угсаатны соёл урлагийг язгуур шинжээр нь өвлөн уламжилсан “Хүн-Эрдэнэ” ардын авьяастнуудын “Өв-Эрдэнэ” театр монгол гэр мэт дугуй интерьер дизайнтай, орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн тоног төхөөрөмжтэй 100 үзэгчийн багтаамжтай өргөө юм.

Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа юм. Иймд түүх, соёл, өв уламжлалаа бахархан дээдэлдэг эх оронч Монгол хүнийг төлөвшүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг язгуур байдлаар нь хадгалж, хамгаалахад соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын үүрэг үнэлж баршгүй их билээ.

Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд бүтээн байгуулсан энэхүү театрт ардын  язгуур урлагийн тоглолтоос гадна соёлын биет бус өв, өвлөн уламжлагч хүний урын сан, мэдлэгийг дуу, дүрс бичлэгээр баримтжуулах, хүүхэд залууст чиглэсэн соёлын өвийн боловсрол олгох сургалт, соёлын өвийн цуврал кино үзвэр, танин мэдэхүйн лекц, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, олон нийтийн уралдаан наадам зэрэг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг аймаг, орон нутгийн соёл урлагийн газар, нутгийн зөвлөл, боловсролын байгууллага, өвлөн уламжлагч хүмүүс, төрийн бус байгууллага зэрэг олон талын оролцогчтой тогтмол зохион байгуулах юм.

Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Рио Тинто компани, Монголын урлагийн зөвлөлийн хамтарсан энэхүү төсөл нь Монголдоо соёлын биет бус өвийн  салбарт хийж буй бодит дэмжлэг, томоохон хөрөнгө оруулалт бөгөөд “Өв-Эрдэнэ” театр монгол туургатны хуран цугларах соёлын өргөө болж, монгол язгуур өв соёлын дархлааг улам бататгах цаг үеэ олсон бүтээн байгуулалт болж байна.

Холбоотой мэдээ