ХОВД: Буянт голын ай сав дагуу хяналтын камер суурилуулжээ

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-07 09:41:39

Ховд /МОНЦАМЭ/. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар энэ жил Буянт гол дагуу 1680 айл зусланд гарсан байна. Голын ай сав газрыг хамгаалалтад авсан хэдий ч зөрчил буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд онцоллоо.

Тухайлбал, зүлгэн дээр машин тавих, хогоо ил задгай хаях, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрах зэрэг зөрчил, дутагдал нэлээд гарч байна.

Эдгээр зөрчлийг бууруулах, хариуцлагын тогтолцоог бий болгох, хяналтыг сайжруулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны зүгээс Ховд аймгийн төв, Жаргалант сумын усны сан бүхий тодорхой цэгүүд болон Буянт гол орчимд 10 камер байршуулж, хяналт мониторинг хийж эхэллээ.

Уг суурилуулсан камер нь 3-4 км алсын зайнаас дүрс бичлэг хийх боломжтой, байнгын тэжээлийн эх үүсвэртэй тул 24 цагаар ажиллана.

Цагдаагийн газрын камерын хяналтын нэгдсэн төвтэй холбогдсон учраас олон нийтийн цагдаа, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахаар төлөвлөжээ. Улмаар камерийн хяналтын дагуу зөрчил гаргасан иргэдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажил өрнөх тул иргэдийг голын ай сав дагуу зөрчил гаргахгүй, байгалиа хамгаалахыг мэргэжилтнүүд уриалж байна.  

Ийнхүү Ховд аймгийн төв орчмын усны сан бүхий газрын тодорхой цэгүүдийг камержуулсантай холбогдуулан байгаль орчныг хамгаалах, аливаа зөрчлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөл өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийж, цаашдын ажлаа төлөвлөлөө.  

Энэ ажлын үр дүнд Усны тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт хангагдахаас гадна нийтийн эзэмшлийн цэгт камер суурилуулснаар байгаль орчны зөрчлийн шинжтэй хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд аюулгүй орчинд амарч, зугаалах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Түүнчлэн жилийн 4 улиралд камер ашиглан бүрэн хяналт мониторинг хийснээр техник технологийн дэвшлийн тусламжтайгаар байгалиа хамгаалах жишиг арга нэвтэрч байгаа юм. 

 

Холбоотой мэдээ