АНУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-07-06 10:10:36

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Индонезийн Бали аралд энэ долоо хоногт болох “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр уулзана гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ.


Даваа гарагт АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй цахимаар хэлэлцээ хийж, өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын дипломатч Ян Жечитэй Люксембургт уулзсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа нь “COVID-19” цар тахлаас үүдэлтэй инфляцын өсөлт болон бусад асуудлаас үүдэлтэй эдийн засгийн саад бэрхшээлтэй тулгараад байгаа тул Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан татварыг цуцлах эсэх шийдвэрийг хараахан гаргаагүй байгаагаа саяхан мэдэгдсэн байна.


Цагаан ордны мэдээлснээр, Ж.Байдены шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт уулзах төлөвтэй байгаа юм. “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Индонезид ирэх 11 дүгээр сард болох дээд хэмжээний уулзалтыг угтан Бали аралд энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт уулзах ажээ.


Э.Блинкен, Ван И нар хамгийн сүүлд Италийн нийслэл Ром хотноо өнгөрсөн 10 дугаар сард болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ. “Washington Post” сонинд мэдээлснээр, энэ долоо хоногийн уулзалтаар талууд Украины дайны асуудалд анхаарлаа хандуулна. Тус сонин энэхүү уулзалтын талаар хамгийн эхэнд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ