ДОРНОГОВЬ: Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговьд зочиллоо

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-04 15:46:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг Японы Шизуока мужтай  тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Шизуока мужийн ЗДТГ-ын Өмнөд Солонгос дахь салбарын дарга Такахаши Макото болон тус мужийн Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Г.Эрдэнэхатан нар энэ сарын 2-нд Дорноговь аймагт зочиллоо.

Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон бусад албанхан хүлээн авч уулзан, өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн явц, үр дүнг танилцуулснаас гадна цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Мөн тус уулзалтад Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин оролцжээ.

Аймаг муж хооронд 2011 оноос найрамдалт хамтын ажиллагааг эхэлснээс хойш сурагч солилцооны хөтөлбөр, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер, техникийн ажилтан бэлтгэх, төрийн захиргааны албан хаагчийн урт, богино хугацааны мэргэшүүлэх сургалт болон асран сувилахуйн салбарын туршлага солилцох зэрэг олон ажлыг уламжлал болгон зохион байгуулжээ.

Албаныхан Сайншанд суманд барьж буй шинэ цэвэрлэх байгууламжийн үйл явц, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Мөн ирэх намраас Шизүока мужийн цэвэрлэх байгууламжийн чиглэлийн холбогдох мэргэжилтнүүд Дорноговь аймагт ирж ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ