Монгол Улс өрсөлдөх чадвараар 36.2 оноотой болж буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-30 17:00:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын өрсөлдөх чадвар олон улсын үзүүлэлтээр ахихгүй байна. Үүнийг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүр гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-аас харж болно. Улс орныг хөгжүүлэх тогтвортой аюулгүй байдал, бизнесийн орчин хэрэгтэй байна гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цагаан хэлж байна. Тус төвөөс өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцуулсан юм.

Дээрх тайлангийн судалгааны дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-рт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноос 1 эрэмбээр ухарсан үзүүлэлт аж. Нэгдүгээрт эрэмбэлэгддэг улсыг 100 оноотой гэж тооцон, бусад улсыг 100 оноотой харгалзах оноо өгч эрэмбэлэдэг. Манай улсын хувьд өнгөрсөн жил 40.04 оноотой байсан бол энэ жил 36.2 болжээ.




Тайлангаар тухайн орны мэдээллийг жил тутам нэгтгэхийн зэрэгцээ тухайн онд тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг тодорхойлон гаргадаг. 1989 оноос хойш жил тутам гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д дэлхийн 63 улс орны өрсөлдөх чадварыг:

  • Эдийн засгийн тамир тэнхээ,
  • Засаглалын үр ашиг,
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа,
  • Дэд бүтэц гэсэн үндсэн 4 хүчин зүйлийн 333 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг.

Эндээс манай улс Эдийн засгийн тамир тэнхээ болон дэд бүтцийн гэсэн 2 үзүүлэлтээр сүүлджээ. Тодруулбал:

  • Эдийн засгийн тамир тэнхээгээр 61
  • Засаглалын үр ашгаар 57
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлтээр 61
  • Дэд бүтцээр 62 дугаар байрт тус тус эрэмбэлэгдлээ.

Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлгээр манай улс экспортын төвлөрөл, урсгал дансны тэнцэл, үйлчилгээний салбарын экспорт, гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт, нэг хүнд ноогдох бодит ДНБ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт гэсэн үзүүлэлтээр сүүлд эрэмбэлэгджээ. Харин оффисын түрээсийн үнэ, худалдааны индекс, ДНБ-д харьцуулсан дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт, урт хугацааны ажилгүйдлийн түвшин зэрэг үзүүлэлт харьцангуй дээгүүр байна.




Энэхүү тайлан нь хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа болдогоороо онцлогтой. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд оржээ. Тайлангийн эхний таван байранд Дани, Швейцарь, Сингапур, Швед, Нидерланд улсууд эрэмбэлэгджээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсад тулгамдаж буй голлох асуудлаар:

  • Инфляцийн өсөлт,
  • Валютын ханшийн өсөлт буюу төгрөгийн үнэ цэнийн бууралт,
  • Экспорт болон импортын хязгаарлагдмал байдал,
  • Ядуурал болон ажилгүйдэл зэрэг нийгмийн асуудал,
  • Эдийн засгийн өсөлт буурсан байдлыг нэрлэжээ.

Олон улсын судалгааны үр дүнгээр энэ жилийн тайланд Дани улс тэргүүлж, өнгөрсөн онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Швейцар улс хоёрт, Сингапур гуравт, Швед дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Харин Венесуэл, Аргентин болон Монгол улсууд хамгийн бага үнэлгээ авч, өрсөлдөх чадвар хамгийн сул байна.

 

 

Холбоотой мэдээ