СЭЛЭНГЭ: Япон Улсын Шизоука мужийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-29 11:42:21

Сэлэнгэ /МОНцАМЭ/ Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Япон Улсын Шизоука мужийн газар тариалан, ойн аж ахуйн судалгааны төв бодлого зохицуулалтын газрын дарга Охсука Рюжи, Судалгааны төвийн ахлах эрдэмтэн Окицу Тошихиро, ЗДТГ-газар тариалан бодлогын хэлтсийн орлогч дарга Табаяши Дайсүкэ, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Г.Эрдэнэхатан нарын төлөөлөгчдийг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзан, харилцан хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Сэлэнгэ аймаг нь Шизоука мужтай 2016 оноос ХАА болон байгаль орчны салбартай харилцан хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгуулж, салбарын ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлж дадлагажуулах. Шинэ сортын таримал ургамлыг Сэлэнгэ аймгийн хөрсөнд тарьж нутагшуулах чиглэлд амжилттай хамтран ажиллаж байгаа.

Аймгийн дарга уулзалтынхаа үеэр цаашид Шизуока мужтай байгуулсан санамж бичгийг өргөжүүлэх мөн дэлхийн шилдэг техник, технологийн хөгжилтэй Япон улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн техник хэрэгслийн үзэсгэлэн худалдааг аймагтаа зохион байгуулах. Дэвшилтэт технологийг нутагшуулах тал дээр хамтарч ажиллах. Мөн хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудаа үр дүнтэй төлөвлөж, үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр санаачилгатай ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр уулзалтынхаа төгсгөлд зочид төлөөлөгчдийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн яармагт оролцож бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахыг хүссэн байна.

Төлөөлөгчид өнөөдөр Жавхлант сумын газар тариалан, төмс хүнсний ногоо, усалгаатай тариалан эрхэлж буй иргэдтэй уулзаж харилцан зөвлөлдөх уулзалт хийсэн байна. 



Холбоотой мэдээ