Ард Триатлон-2022" улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгий нуурт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-24 10:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ард Триатлон-2022" улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-8-нд  Архангай аймгийн Өгий нуурт болно.


КОВИД-19-ийн улмаас 2 жил завсарлаад байсан триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Триатлоны Холбоо зохион байгуулах бөгөөд Ард санхүүгийн нэгдэл ивээн тэтгэж, МҮОХ, БТСУХ хамтрагчаар оролцоно.


Монголд шинээр хөгжиж буй триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, "Ханжоу-2022" Азийн наадам болон бусад тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлийг хангах, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулахад чиглэдэг уг тэмцээнд 2019 онд давхардсан тоогоор 306 тамирчид оролцсон бол энэ жилийн тэмцээнийг илүү өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байна. 


"Ард Триатлон - 2022" УАШТ-ийг Дэлхийн триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулж, МТрХ-ноос томилогдсон шүүгч нар удирдан зохион байгуулна. УАШТ нь элит, өсвөр үе, паратриатлон, сонирхогчдын аge group эрэгтэй, эмэгтэй төрөл, сонирхогчдын Try-Tri уралдаан (эрэгтэй, эмэгтэй) гэсэн төрлөөр болох юм.


Монголын Триатлоны Холбоо нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Уг холбоо нь триатлон болон дуатлоны тэмцээний тоог цаашид олшруулж, Монгол тамирчдыг олон улсын түвшинд гаргахыг зорин ажилладаг.

Холбоотой мэдээ