БНСУ-д “COVID-19”-ийн урт хугацааны зовуурийн талаар судалгаа хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-10 15:28:04

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар коронавирусний урт хугацааны зовуурийн талаар өргөн цар хүрээг хамарсан судалгаа хийнэ гэж тус улсын Ерөнхий сайд Хан Дак Су өнөөдөр Сөүл хотноо болсон “COVID-19”-ийн асуудлаарх уулзалтын үеэр мэдэгджээ.


“COVID-19”-өөр халдварласны дараа олон хүнд зовуурь илэрч байгаа боловч энэ талаарх оновчтой судалгаа байхгүй байгааг тэрбээр онцлоод, дээр дурдсан судалгаагаар гарах үр дүнд тулгуурлан халдварын дараах нөхцөл байдалтай холбоотой удирдамж гаргана гэсэн байна.


“COVID-19”-ийн урт хугацааны зовуурь гэдэг нь халдвар авснаас хэдэн долоо хоног, цаашлаад хэдэн сарын дараа ч ажиглагдаж байгаа вирусний нөлөөг хэлж байгаа бөгөөд ядарч сульдах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрч байгаа юм.


Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газар халдварт өвчний хариу арга хэмжээний талаарх зөвлөх бүлэг байгуулна. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн санаа бодлыг илүү хүндэтгэн авч үзэж, Засгийн газрын бодлогод тусгах боломж бүрдэх ажээ.


БНСУ-д өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын тохиолдлын тоо 10 мянга орчимд хүрч буураад байгаа юм.

Холбоотой мэдээ