Дэлхийн аваргын төрсөн өдрийг хүмүүнлэгийн төлөө баяр болгон тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 16:39:21

 Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсган яваа  шатрын Дэлхийн аварга, Олон Улсын Их мастер А.Энхтуулын төрсөн өдрийг дуу хуур, инээд хөөр, аз жаргал, баяр баясал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхээр түүний төрсөн нутаг Алтанбулаг суманд “Хүйн ээждээ баярлалаа” хүмүүнлэгийн арга хэмжээг түүний ээж “Оюунлаг үр сад” ТББ-ын тэргүүн Х.Валя, Алтанбулаг сумын Соёлын төв, сумын ЕББД сургуултийн 12б ангийн хамт олонтой хамтран түүний төрсөн өдөр буюу 10-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Хүмүүнлэгийн арга хэмжээний үеэр алс холын Арабын Нэгдсэн Эмират улсад ажиллаж, амьдарч байгаа шатрын Дэлхийн аварга, Олон Улсын Их мастер А.Энхтуул утсаар мэндчилгээ дэвшүүлсэн нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн мөч байлаа. Мөн Алтанбулаг сумын ЕББД сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан эссэ бичлэг, шүлэг, захидал, гар зураг, АХА тэмцээнд манлайлсан хүүхдүүдэд А.Энхтуулын гарын бэлэг болоод шагнал гардуулах, А.Энхтуул, “Оюунлаг үр сад” ТББ-ын зүгээс “Оюунлаг иргэн байхын төлөө хичээгээрэй” захиасын хамт эрч хүч, урам зоригоор дүүрэн байхын ерөөл дэвшүүлэн, бүтэн өнчин дүү нар, өрх толгойлсон ээж, хүйн ээжүүд, эрдэм ном заасан сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Их мастерын ээж Х.Валя:”Миний хувьд сэтгэл их өндөр байна. Манай ТББ хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулаад 15 жил болж байна. Эхлээд Улаанбаатар хотод явуулдаг байлаа. Энэ удаа охиныхоо төгссөн сургуулийн хүүхэд багачуудыг баярлуулахаар сэтгэл зүрхээрээ тэмүүлэн ирлээ. Тэгээд ч аав минь, ээж минь, ах минь бурханы оронд явсан. Эргээд буян заяагаа бодсон ч өөрийнхөө нутагт сэтгэлийн өглөг үйл ажиллагааг хийдэг болсон. Хүн ер нь эгэлгүй хэрнээ эгэл амьдралын дунд амьдардаг. Иймээс бие биедээ инээд, аз жаргалыг бэлэглэж, хайраа хамтдаа хуваалцвал илүү их бүтээлч, илүү их оюунлаг, илүү их амжилттай байдаг юм болов уу гэдэг жишээг миний охиноос харж болно оо. Эндээс сэтгэлийн таашаал авч, урамшиж энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг хийж байна. Өнөөдөр миний охины төрсөн өдөр” хэмээн ярилаа. Шатрын Дэлхийн аварга, Олон Улсын Их мастер А.Энхтуул өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Алайян хотод амьдарч, Азийн шатрын холбооны гадаад асуудал хариуцсан төлөөлөгч, шатрын клубын дасгалжуулагчаар уригдан ажиллаж байгаа аж. Тэрээр очоод 6 сар болж байгаа гэнэ. Эмират улсын хувьд шатрын дугуйланд нүүдэл заалгасан хүүхдүүд багш дээрээ очдог юм байна. Тэдгээр хүүхдүүд А.Энхтуулд шавь болон очоод 5 сарын хугацаанд хичээллэн Арабын Нэгдсэн Эмират улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авчээ. Түүнчлэн Грект болох дэлхийн аваргад оролцох эрхийг ч мөн авахуулсан байна. Түүний ээж Х.Валя охины маань ажлын амжилт арвин байгаад ээж хүний хувьд их баяртай байна. Охин минь сурсан мэдсэн зүйлээрээ гадаадад уригдан очиж ажиллаж байгаад охиноороо бахархаж байна хэмээн өгүүлсэн юм.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд