Турк улс Украины үр тариаг экспортлох асуудлаар ОХУ, Украинтай хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-08 10:44:37

АНКАРА. /Reuters/. Турк улсын Батлан хамгаалахын сайд Хулуси Акар хэлэхдээ, Турк улс Украины хүнсний экспортыг сэргээхийн тулд ОХУ, Украин улсуудтай нягт хамтран ажиллаж байна гэжээ.


НҮБ-ын зүгээс ОХУ, Украины дайны улмаас үүсээд буй дэлхийн хүнсний хямралыг намжаахын тулд аюулгүй тээврийн коридор байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорьж байна.


Дайн эхэлснээс хойш ОХУ Украины өмнөд хэсгийн боомтуудыг хааж, улмаар 22 сая тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгдэх боломжгүй болоод байгаа юм.


Х.Акар хэлэхдээ, “Холбогдох улс орнууд, байгууллагууд Украины Одесса боомт болон бусад эргийн ойролцоо хөвж буй минаг хэрхэн цэвэрлэх, энэ ажлыг хэн гүйцэтгэх, хөлөг онгоцны коридорын аюулгүй байдлыг хэн хангах асуудлыг судалж байна” гэжээ.


Тэрбээр хэлэхдээ, “Бид үүнийг аль болох богино хугацаанд гүйцэтгэхийг хичээж байна. Энэ асуудалд маш их ахиц дэвшил гарсан ба техникийн төлөвлөлтийн ажил үргэлжилж байна” гэв.


Хэлэлцээрт хүрсэн тохиолдолд “ажиглалтын механизм”-д оролцоход бэлэн байгаагаа Туркийн тал мэдэгдсэн байна.


Энэ нь Туркийн тэнгисийн цэргийн хүчин хөлөг онгоцыг Украинаас гаргаж, Туркийн хоолойг чиглэж, улмаар дэлхийн зах зээл рүү гаргана гэсэн үг байж болох юм.   

Холбоотой мэдээ