БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-02 11:44:38

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д өнгөрсөн хоногт халуурах шинж тэмдэгтэй 96 мянга гаруй тохиолдол илэрснээр өдөрт илрэх ийм тохиолдлын тоо гурван хоног дараалан 100 мянгаас доошилж буурчээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 96 610 хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Харин халдвараар нас барсан тохиолдлын талаар мэдээнд дурдаагүй байжээ.


Ингэснээр дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо лхагва гаргийн 18:00 цагийн байдлаар 3.83 сая давснаас 3.66 сая гаруй хүн эдгэрч, 165 390 өвчтөн эмчлүүлж байна.


БНАСАУ-д өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа юм. Ийм тохиолдлын тоо өнгөрсөн ням гарагт 100 710-д хүрсэн бөгөөд түүнээс хойш 100 мянгаас доошилж буурчээ.


“KCNA” БНАСАУ вирусний тархалттай тэмцэхийн тулд сонор сэрэмжээ дээшлүүлээд байгааг онцлоод, орон даяар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх албад бүс нутгаа халдварын аюулгүй бүс болгоход түлхүү анхааран ажиллаж байгааг мэдээлсэн байна.


Мөн хойд нутгийн Янгандо муж, баруун нутгийн Нампо хотод халдвартай тэмцэхэд шаардлагатай хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эргийн бүсүүдэд тархалттай тэмцэх “хязгаарлалтыг” улам чангатгасан гэдгийг дурджээ.


Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тавдугаар сарын 12-нд мэдэгдэж, “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд” шилжиж буйгаа зарласан юм.

Холбоотой мэдээ