“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-24 11:07:29

ТОКИО. /TASS/. АНУ, Япон, Энэтхэг, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний /Quad/ гишүүн орнуудын удирдагчдын хоёр дахь нүүр тулсан уулзалт Японы нийслэл Токио хотод эхэллээ.


Энэхүү яриа хэлэлцээний гол сэдвүүд нь бүс нутгийн аюулгүй байдал, дөрвөн талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудал байх юм. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид мөн Зүүн Хятад болон Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа, БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж магадгүй байна. Дөрвөн орны удирдагчид түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хууль бус загас агнуурын талаар мэдээлэл солилцох санаачилгаа танилцуулж, дөрвөн орны хиймэл дагуулуудаас авсан мэдээллүүдийг солилцох зэрэг сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгосноо зарлах төлөвтэй байна.


“Kyodo” агентлагийн тэмдэглэж буйгаар, Япон, АНУ-ын удирдагчдын хэлэлцээний дараа гаргасан өмнөх мэдэгдлээс ялгаатай нь дээд хэмжээний уулзалтын хамтарсан баримт бичиг ОХУ-тай сайн харилцаатай байдаг Энэтхэгийн байр суурийг харгалзан Украины нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын талаар хатуу мэдэгдэл агуулахгүй байж магадгүй байна.


“Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-г 2007 онд Ази-Номхон далай, Энэтхэгийн далайн бүс нутгийн хамтын ажиллагааны механизмын хувиар бий болгожээ. 2017 оны 11 дүгээр сард  дөрвөн улс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хөлөг онгоцны чухал замуудын аюулгүй байдлыг хангах шинэ стратегийн хүрээнд эвсэл байгуулсан байна. Австрали, Энэтхэг, АНУ, Японы Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талын анхны уулзалт  2019 оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон бол 2021 оны гуравдугаар сард дөрвөн орны удирдагчид анхны дээд хэмжээний уулзалтаа хийжээ. Цар тахлын улмаас уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд анхны нүүр тулсан уулзалт өнгөрсөн оны есдүгээр сард Вашингтонд болсон байна.


Холбоотой мэдээ