Өрхийн эрүүл мэндийн төвийн өнгө төрх

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2022-05-19 16:47:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мексик улсын нийслэл Мехико хотод 2010 оны 5 сарын 19-23-ны өдрүүдэд 149 орон оролцсон  “өрхийн эмч нар”ын чуулга уулзалтаас жил бүрийн 5 дугаар сарын 19-ний өдрийг  “дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ. Монгол улсын хувьд  Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5-р сарын 4-ний өдрийн 153 тоот тушаалаар 2012 оноос эхлэн энэ өдрийг  жил бүр тэмдэглэх болсон  байх юм.


"Өрхийн эмч-Үргэлж тантай хамт" уриан дор "Өрхийн эмч-Таны зүрхэнд" өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  өнөөдөр зохион байгуулсан (2022-5-19). Тус өдөрлөгийн үеэр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулахаас гадна "Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аяны хүрээнд дасгал хөдөлгөөн заах сургалт зохион байгуулжээ. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эмнэлэгийн үзлэг (2022-5-1 эхэлсэн)-т өнөөдөр (2022-5-19)-ийг хүртэл 42 мянган иргэн хамрагдсан . Түүний 70 хувийг ӨЭМТ эмч, сувилагч гүйцэтгэсэн”  гэж ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга Б. Буяндэлгэр  “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг тэмдэглэх өдөрлөгт оролцож ӨЭМТ-ийнхөнд мэндчилгээ дэвшүүлэхдээ онцолсон байна.


Засаг захиргааны анхан шатны нэгж сум, хорооны иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ) нь амбулатори болон гэрээр нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага.  Ийм төрлийн эмнэлэг улсын хэмжээнд  сум, хороонд 542 ажиллаж байна. Сум ӨЭМТ-ийн хувьд сумын эмнэлэг гэдэг утгаараа иргэдэд эерэг ойлгогддог юм байна. Харин нийслэлийн хороо нь хүн ам өрхийн тоогоороо хоорондоо харилцан адилгүй байдаг тул ӨЭМТ-ийн эмч сувилагч нарын авдаг цалин санхүүжилтээсээ хамаараад харилцан адилгүй байх юм.  Нийслэлийн хорооны хүн амын тоог дундчилан авч үзэхэд нэг нь 10 мянга орчим хүн амтай. Энэ тооны хүн амд жилд  ойролцоогоо 200 сая төгрөгт багтаан ӨЭМТ эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Харин 2022-5-1-ээс санхүүжилт 2 дахин нэмсэн. Иймээс 5 дугаар сарын 1-ээс эхлэн дээрх хэмжээний санхүүжилт авч байсан нийслэлийн засаг захиргааны анхан шатны нэгж хорооны иргэдэд ӨЭМТ ойролцоогоор 380 орчим сая төгрөгөөр үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ дээрх санхүүжилт нэг дор орж ирэхгүй. ЭМДЕГ тухайн мөнгөний 20 хувийг авч үлдэнэ. Тухайн ӨЭМТ-ийн 5 дугаар сарын ажлын гүйцэтгэлийг хянаж үзээд авч үлдсэн 20 хувиа ирэх 6 дугаар сарын санхүүжилтэд олгох жишээтэй. Энэ загварчиллаар  ЭМДЕГ ӨЭМТ-ийг санхүүжүүлэх бололтой.


Хорооны хүн амын тооноос хамаарч өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар харилцан адилгүй цалин авдаг гэж дээр хэлсэн. Тэр нь хорооны хүн амын тооноос хамаарч  байгаа цалингийн зөрүү юм байна. Хороо нь 10 мянган хүн амтай бол тухайн хорооны иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг ӨЭМТ-ийн эмч 700-900 мянган төгрөгийн цалин авдаг байх жишээтэй. Хорооны хүн амын тоо олон байх тусам тэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагчийн цалин өсөх магадлалтай. Харин Түүнээс доош хүн амтай хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч нарын цалин буурах магадлал өндөр гэж эмч, сувилагч нарын төлөөлөл ярьж байна.


Баянгол дүүргийн 16 дугаар хороо өөрийн онцлогтой,  ( Гандантэгчилэн хийдийн эргэн тойрон6 мянган хүн амтай.  Бүртгэлтэй хүн ам нь цөөн. Тухайн хорооны нутаг дэвсгэрт  нийтийн байр түрээслэгч буюу  түр оршин суугч олонтой. Түр болон үндсэн гэсэн хоёр нэршилтэй оршин суугчид нийлээд  эмнэлгийн үйлчилгээ авдаг хүний тоо 9000 давна.    Тэдэн дотор ЭМД төлдөг хүн гэж бараг байхгүй. Түр оршин суугчийн эмнэлгийн үйлчилгээний зардал үндсэн бүртгэлтэй засаг захиргааны анхан шатны нэгж сум, хороонд нь хуваарилагддаг. Тухайн хороонд  бүртгэлтэй 6 мянган хүний зардлаар ӨЭМТ 9000 мянган хүнд эмнэлгийн  үйлчилгээ үзүүлдэг байх жишээтэй. “Цөөн оршин суугчид хуваарилагдсан зардлаар  олон хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болохоор  санхүүгийн хомстолд ордог” гэж тус хорооны ӨЭМТ-ийн их эмч Мэндбаяр ярьсан юм. Дээр дурдсан энэ байдал нь ӨЭМТ-д ажилладаг эмч, сувилагчийн авдаг цалин бага байх, түүнийгээ дагаад хүний нөөцийн хомстолд орох  бас нэг гол  бэрхшээл байдаг  бололтой.


Сард гар дээрээ авдаг  цалин, хөлснөөсөө хамаараад  ӨЭМТ-д ажиллах сургууль төгссөн шинэхэн эмч, сувилагч ирж ажиллах магадлал тун доогуур байдаг аж. Төвлөрсөн эмнэлгүүдийн  өндөр цалин  шинэ, залуусыг өөртөө татдаг бололтой. 

Эмч болохын тулд 6 жил сурдаг. Ийм олон жил суралцсаны эцэст ӨЭМД 700 мянга орчим төгрөгийн цалинтай  эмч болохоос илүүтэй төвлөрсөн эмнэлгүүдэд очиж хүч үзэн өндөр цалин руу тэмүүлэх залуус олон байдаг гэх.


Сувилагчийн хувьд мөн төвлөрсөн эмнэлгүүд бараадаж жижүүрт гарч өндөр цалингийн төлөө явдаг байх магадлал өндөр байна. ӨЭМТ-ийн сувилагч нь өдрийн 8 цагаар цалинждаг, жижүүрт гарах, илүү цаг авах тухай ойлголт байхгүй. Энэ нь бага цалинтай байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Тэгээд ч улсын хэмжээнд сувилагчийн хомстолтой болчихсон гэж тус салбарынхан ярьж байна. Салбарт нүүрлэсэн хүний нөөцийн хомстлыг ойрын хугацаанд арилгахын тулд сувилагчийг үнэгүй бэлтгэх сургалтын тогтолцоонд шилжжээ. Яг одоогийн нөхцөлд ӨЭМТ-ийн хүний нөөцийн гол цөм нь тэтгэвэрт гарсан эмч, сувилагч болсон гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Хүний нөөцийн тодорхой хэсэг нь, тодорхой хугацаанд ийм байж болох  юм. Гэвч ийм байдлаар хол явахгүй. Ийм учраас ӨЭМТ-ийн хүний нөөцийг шинэ төвшинд гаргахын тулд энэ төрлийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарвал 36 сарын тэтгэлэг олгодог тогтолцоонд шилжүүлжээ.ӨЭМТ-ийн өнгө төрх ямар байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг уншигч танд үлдээе.

Холбоотой мэдээ