Тахь сэргээн нутагшуулснаар тоо толгой нь 900 гаруй болж өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-05-18 11:58:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэрлэг адуу тахийг Монголд сэргээн нутагшуулаад 30 жил болж байна. Энэ хугацаанд манай улсад тахийн тоо толгой 900 гаруй болж өсжээ.


Монгол Улсад тахь сэргээн нутагшуулах ажлыг 1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэн эхлүүлж, анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 толгой тахийг зөөвөрлөн авчирсан түүхтэй. Үүний дараа Завхан аймгийн Хомын талд 2004 онд 12 толгой тахь авчирсан байдаг. Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 он хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргасан үзүүлэлт юм.




БОАЖЯ, “Хустай цогцолбор газар” төв ТББ, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Хомын талын тахь ТББ, Олон улсын тахь групп нийгэмлэг, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран ойн хүрээнд байгаль хамгаалахад иргэн бүрийн идэвх оролцоог нэмэхээр гар зургийн уралдаан зарлажээ.


Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 6-12 дугаар ангийн хүүхдүүд оролцож, тахь хэмээх зэрлэг адууны тухай өөрсдийн ойлголт, төсөөллийг зургаар дүрсэлж 200 гаруй бүтээлийг илгээсэн байна. “Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” гар зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулахад Jet school of Mongolia сургалтын төв, Сэлбэ олон улсын сургууль, Мудра арт клуб мөн дэмжлэг үзүүлжээ. 



Холбоотой мэдээ