Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг Монгол банканд өгснөөр зээлийн эргэн төлөлт нэмэгджээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-17 21:32:08

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодоржтой хаврын тариалалт болоод бизнес эрхлэгчдийн зээлийн талаар ярилцлаа.


-Одоо хаврын тариалалт ид өрнөж байна. Энэ жил хэдэн га талбайд тариалалт хийж байгаа вэ?

-2022 оны хаврын тариалалтын ажил ид явагдаж байна. Энэ жил Архангай аймаг 17000 га талбайд үр тариалалт хийнэ. Үүнээс 12 мянгад нь улаанбуудай, 4500 орчим га-д тэжээлийн ургамал, 270 орчим га-д төмс, 180 орчим га-д хүнсний ногоо тариална. Энэ жил хөдөө аж ахуйн салбарт дотоодын үйлдвэрлэлээр орон нутгийн ард иргэдийг хангах томоохон зорилт дэвшүүлсэн. Улаанбуудайн тариаланчид ХХААХҮЯ, түүний дэргэдэх ХАА-г дэмжих сангаас үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийн дэмжлэгийг авч байгаа. Төлбөрийг тухайн жилийнхээ ургацаас эргүүлэн төлдөг. Өнгөрсөн жилээс ХАА-г дэмжих чиглэлийн хүрээнд  тариаланчдад 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. Энэ жил хүнсний ногоо тариалалтад нэлээд ач холбогдол өгч байгаа. Яагаад гэхээр энэ жилийн тухайд манай улсын хил гааль гадаад нөхцөл хүндрэлтэй байгаа. Иймд хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, дотооддоо бүрэн хангах шаардлага тулгарч байна.

Манай аймгийн тухайд "Өрхийн тариалан дэд хөтөлбөр"-ийг баталсан. Салбарын яамны зүгээс орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоогоор ард иргэдийг хангах, хүнсний ногооны тариаланчдын хамрах хүрээ, тоог нэмэгдүүлэх, үрийг хөнгөлөлтэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд хүнсний ногооны зоорь сав, агуулахын тоог нэмэгдүүлэх, тэднийг ХАА-г дэмжих зээлд хамруулах гээд энэ чиглэл рүү нэлээд анхаарч байна. ХХААХҮЯ-наас аймгийн ХХААГ-аар дамжуулан өрхийн тариаланчид буюу хүнсний ногоо тариаланчдад талбайн 6, хүлэмжийн 4, нийт 10 гаруй төрлийн хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Үүний дотор төмс бага хувийг эзэлнэ. Энэ жил бид сумдаар дамжуулан шинээр нэмж 600 гаруй өрхөд хүнсний ногооны үрийг олгосон. Өмнө нь төмс, хүнсний ногоо тариалж байсан иргэн, ААН-үүд бол өмнө нь нөөцөлсөн үрийн төмсөөрөө энэ жилийн тариалалтаа хийж байгаа.


-Хүнсний ногооны тариалалт хийх талбай нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Харин үр тариа тариалалтын талбай нэмэгдсэн үү, уринш хийв үү?

-Үр тарианы тухайд манай аймгийн хамгийн оргил үе нь 1987 онд 55 мянга га эргэлтийн талбайтай байсан. Жилдээ 28-30 орчим мянга га-д тариалж байсан. Нэгдэл, сангийн аж ахуй  хувьчлагдахад газар тариалангийн салбар нэлээд уналтын байдалд орсон. Талбайн эргэлт ч багассан. 2008 оноос Атрын 3-р аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэлээд дэмжиж, талбайн эргэлтийг нэмэгдүүлсэн. Энэ чиглэлээр аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд жил бүр тариалангийн талбайг эзэмшүүлэх ажлууд тусгагдаад явж байгаа. Өнөөдрийн тухайд аймаг 23-25 мянган га эргэлтийн талбайтай болсон байна. Жилд 10 гаруй мянган га-д уринш, 4-5 мянгад нь хавах тариалалт хийж байгаа. Ингэхээр жилдээ 16-17 мянган га талбайд үр тариа тариалж байгаа юм.

Тариалах талбайн хэмжээ өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн. Манайх  Дархан-134, Алтайскый-324 гэх мэт шинэ сортын улаанбуудайн үрийг орон нутагтаа нутагшуулсан. Үр үржүүлгийн ажлыг Төвшрүүлэх сумын "Бага хангай" ХХК эрхэлж байна. Намрын ургац хураалтаас үрээ авч үлдэнэ. Үр агуулах сав дутагдалтай. Хархорин дахь ХАА-г дэмжих сангийн агуулахад үрээ өгдөг. Бид нутагшсан үрийг орон нутагтаа авч үлдэх нь чухал. Энэ жил "Бага хангай" ХХК, Хотонтын "Хатант сүлдэт хангай " ХХК-иуд 700 орчим тн үрийг хадгалж байгаа. Манай аймгийн хэмжээнд жилдээ хаврын тариалалтад 12 мянган га-д тарилалт хийнэ гэвэл 1500-1800 тн үр шаардлагатай. Үүнээс 700 орчмыг нь өөрсдөө хадгалаад тарьж байна. Цаашдаа бидэнд 600-900 тн-ын багтаамжтай үр хадгалах савны хэрэгцээ шаардлага байгаа. Энэ асуудлыг салбарын яаманд уламжилсан. Одоогоор шийдэлд хүрээгүй байна.


-Манай аймагт газар тариалангийн салбарт хэдэн ААН, иргэн ажилладаг вэ?

-Улаанбуудай тариалан эрхэлдэг 50 гаруй иргэн, ААН байна. Хүнсний ногооны хувьд жижиг талбай болон хашаандаа тарьдаг өрхүүдийг оруулаад 600 гаруй иргэн байна гэсэн судалгаа бий. Энэ жил өрхийн тариалалтыг дэмжиж 10-20 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. "Өрхийн тариалан эрхлэлт" хөтөлбөрийг хэрэгжүүлээд жилдээ суманд 20-25 өрхийг нэмэгдүүлээд байвал жилд 500-600 орчим өрх хүнсний ногоо тариалах боломжтой болж байгаа. Эрдэнэбулган сумын тухайд суурин газрын иргэдийн хүнсний ногооны тогтвортой хэрэглээг хангах зорилгоор сүүлийн 3 жилд хүнсний ногоо хадгалах 80-100 тн багтаамжтай 2 зоорийг барилаа. Энэ жил 100 тн-ын багтаамжтай зоорь нэгийг барина. Эрдэнэбулган сумын ойролцоох төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд зооринд төмс, хүнсний ногоогоо хадгалбал аймгийн төвийн иргэдийг ирэх жилийн 5, 6 сар хүртэлх хэрэглээг бүрэн хангах юм. Нийлүүлэлт тогтвортой байвал үнэ ч тогтвортой байна шүү дээ.

Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор 6 зуны хүлэмж, 1 өвлийн хүлэмжийг 2020 онд ашиглалтад оруулсан. Цаашид айл өрхийг заавал талбайд гэхгүй хашаандаа жижиг хүлэмжийн болон зоорийн аж ахуй, хүнсний ногоо тариалахад нь дэмжлэг үзүүлж ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний мод тарилтын 30 хувь нь жимсний мод гэж байгаа. Үүнийг дэмжиж аймгийн БОАЖГ-тай хамтран жимсний болон бусад модны тарьц суулгацыг хэрхэн тариалж бэлдэх талаар зааж, сургаж, тариулж, орон нутагтаа нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.


-Танайд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмждэг олон эх үүсвэр бүхий зээлүүд бий. Энэ зээлүүдийн явц ямар байгаа вэ?

-Засгийн газраас ХАА-г дэмжих чиглэлээр 400 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг жилийн 3 хувийн хүүтэй, хоёр, гурван жилийн хугацаатай арилжааны банкуудаар олгож байна. Жишээ нь ноос, ноолуурын чиглэлээр гэвэл ноос ноолуураа аваад, угаагаад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад олгож байна. Арьс шир мөн адил.

Улаанбуудай, хүнсний ногооны чиглэлээр ААН, иргэдэд зээл олгож байгаа. Хүнсний ногооны хувьд талбайн хэмжээтэй нь дүйцүүлж олгоно. Тухайлбал, 1 га талбайд 8 сая төгрөг гээд тогтоочихсон байгаа. Үүнийг ямар ААН, иргэдэд олгож байна вэ гэхээр бүртгэлтэй ААН, иргэдэд олгож байгаа. Бид сүүлийн хоёр жил сумдын ХАА-н тасгуудаас мэдээлэл авч, төмс, хүнсний ногоо тариалдаг иргэн, ААН-ийг бүртгэлд оруулж байгаа. Энэ мэдээлэл яаманд давхар бүртгэгдэнэ. Бүртгэгдсэн нэрсүүд банканд очно. Хүнсний ногооны зээл авах гэсэн чинь миний нэр байхгүй байна гэдэг асуудал гарч байгаа юм. Хэрвээ та төмс, хүнсний ногоо хашаандаа ч болов тариалдаг л бол харъяа сумын хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлнэ. Энэ бүртгэлд орчихвол ХХААХҮЯ-наас шууд банканд нэр чинь ирчихэж байгаа юм. Банк нэрээ шалгаж үзээд байвал 3 хувийн зээлээ олгоно. Банкны дундаж хүү 10.8 хувь байгаа. Хүүгийн зөрүү 7.8 хувийг Засгийн газаас банкинд олгож байгаа гэсэн үг.

Сум хөгжүүлэх сан нь одоо Хоршоо хөгжүүлэх сан болсон. Арав гаруй жилийн түүхтэй энэ зээл нь эзнээ олдоггүй, эргэн төлөлт байхгүй гэсэн гомдлууд тасардаггүй. Үүнийг шийдвэрлэх үүднээс  2020, 2021 онд Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулж байгаа.

Жишээ нь Сум хөгжүүлэх сангаас зээл аваад төлөөгүй юмуу, эргэн төлөлт хангалтгүй байгаа иргэн Дорж өөр аль нэг банкнаас зээл авах боломжгүй болно гэсэн үг юм. Энэ ажлын үр дүнд Сум хөгжүүлэх сан буюу Хоршоог хөгжүүлэх сангийн эх үүсвэр сайжирсан байна. Өөрөөр хэлбэл хуучин Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг Монгол банкинд өгснөөр зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн гэсэн үг. Зээл авсан иргэд эргэн төлөлтөө хийж эхэлсэн гэсэн үг. Аймгийн хэмжээнд сумдад 4 тэрбум гаруй, Эрдэнэбулган суманд л гэхэд 2 тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэр байгаа. Нийт 6 тэрбум төгрөгийн 4 тэрбум нь иргэдийн гар дээр эргэлдэж байна. Одоо аймгийн хэмжээнд 2 тэрбум төгрөгийн зээл олгоогүй байна. Энэ зээлийг зөвхөн иргэнд олгоход үр дүн муутай байгаа учраас Засгийн газраас Хоршоог хөгжүүлэх сан гэж өөрчлөөд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоонд өгөхөөр болсон. Хүмүүс хоршоонд өгч байна гээд хоршоо шинээр байгуулж байна л даа. Журмаар бол шинэ хоршоонд өгөх боломжгүй юм. Энэ жилийн тухайд хоршоод нь шинэ тутам байгаа учраас аж ахуй нэгж, компаниудад өгч болж байна.

Дараагийн эх үүсвэр нь Зах зээл ба бэлчээрийн удирдлага төсөл. Энэ төслөөс ХХААХҮЯ-тай хамтран хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулж байгаа иргэн, ААН, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зээл олгож байна. Энэ төслийн хүү нь сарын 0,9 хувь, жилийн 10.5-10.8 хувийн хүүтэй. Зээлийн 80 хүртэл хувийг зээлийн батлан даалтын сангаас дааж байгаа. Иргэнд олгож байгаа 10, 20 сая төгрөгийн зээл маань эргэлтийн юмуу хөрөнгийн зээл гэж байгаа. ААН хөрөнгө оруулалт маягаар зээл авч болно. Гэхдээ заавал хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх ёстой юм. Энэ төслөөс хөрөнгө оруулалтын 75 хүртэл сая төгрөгийн зээлийг ХААН, Төрийн банкаар авах боломжтой. Барьцаа хөрөнгө хүрэхгүй байхад Зээлийн батлан даалтын сангаас 80 хүртэл хувийг гаргаж болно. Энэ төслийн зээлийн хүрээнд Төрийн банк 400 орчим сая төгрөгийн зээл олгосон байна. ХААН банк зээлээ судлаад олгож эхэлж байна.

Дараагийн зээлийн эх үүсвэр нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл юм. 2019 онд 24 төсөлд тэрбум орчим төгрөгийн зээл олгосон байдаг. 2020 онд 5 төсөлд 500 орчим сая төгрөгийн зээл олгосон. Энэ ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл нь дээр дурдсан ХАА-г дэмжих зээлтэй давхцахгүй. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйг дэмжих зээлд хамрагдаад хүнсний ногооны юмуу, газар тариалангийн чиглэлээр зээл авчихсан бол ЖДҮ-ийг дэмжих зээлд хамрагдахгүй. Одоогоор төслөө зарлаагүй, хүлээж аваагүй байна. Энэ зээл 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй. Энэ жил төсвийн тодотгол хийгээд зээлийн эх үүсвэр багассан. Аймагт дунджаар 500 сая орчим төгрөг батлагдаж байна. Төслийн материалыг бид цахимаар хүлээж авна. Цаасаар авахгүй. Хүний оролцоог багасгаж байгаа юм. Тэгэхээр манай үйлдвэрлэгчид энэ зээлд хамрагдах боломжтой.

Сая Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлаар их том мэдээлэл хийлээ. Архангай аймаг ХАА-н гаралтай түүхий эдээр аймаг орон нутгийнхаа иргэдийг хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломж бий. Бидэнд нөөц ч байна, туршлага ч байна. Бид сааж байгаа сүүнийхээ 5 хувийг л үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа. Өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн фермийг байгуулах хэрэгтэй. Фермээ байгуулчихвал түүхий эдийн хангамж сайжирна. Түүнийг түшиглэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулна. Эхний ээлжинд бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй юм гэхэд сүүгээ аваад ариутгаад, халаагаад пакетлаад аймгийнхаа иргэд, төрийн байгууллагуудад нийлүүлэх бүрэн боломжтой. 2022 оныг үүнд чиглүүлье гэж бодож байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжье гэж байгаа.

Зээлд хүн болгон хамрагдах боломжгүй. Зээл банкаар олгогдож буй нь банк өөрөө эргэн төлөлт, эрсдэлийг хариуцаж байгаа учраас зээлдэгчдэдээ тавих шалгууртай. Тэрийг хангах нь зүйтэй. Шинээр эхэлж байгаа хүмүүст зээл шууд өгөх нь эрсдэлтэй учраас банк болон төслийн байгууллагаас эхлээд нэг жилийн хугацаанд тогтмол үйл ажиллагаа явуулсан байх гэдгийг тавьж байгаа. Тэгэхээр манай иргэд аль болох хөдөлмөрөөрөө хоршиж, явуулах үйл ажиллагааныхаа 30 хувийг өөрсдөө хамтраад гаргачих хэмжээний байх хэрэгтэй байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.   

 

Холбоотой мэдээ