Хөвсгөл нуурын судалгаанд Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуультай хамтарна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-17 16:54:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн ректор М.В.Корняков тэргүүтэй тус их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

Энэхүү уулзалтын  зорилго нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээрийг сунгах юм. Мөн уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

 

Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль Хөвсгөл нуурын цахим мониторингийн судалгааны төсөлд хамтран оролцож байгаа бөгөөд энэ үеэр хийх ажлуудын нэг нь Хөвсгөл нуурын орчимд Шинжлэх ухаан, боловсролын төвийг хөгжүүлэх явдал юм.

Тус сургуулийн Олон улсын асуудал эрхэлсэн проректор болон Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор нар нь ОХУ-ын БШУЯ-наас жил бүр гадаад улстай хамтарсан төслийн грант зарладаг тухай дуулгаад тус грантад хамтарсан төсөл мэдүүлэх  боломжтой, мөн бага хэмжээний санхүүжилт шаардсан төслийг дотоод грантын системээрээ санхүүжүүлэх боломжтой гэдгийг хэлж байлаа.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д. Рэгдэл хэлэхдээ, “Бид урьдын адил ОХУ болон бусад улс орнуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Өнгөрсөн 4 дүгээр сард Эрхүү хотод болсон хурлын үеэр яригдсан 3 орныг дайрч өнгөрөх хийн хоолой орчмын экосистемийн судалгааг бодит ажил хэрэг болгохыг эрмэлзэж байна. Мөн  Сэлэнгэ мөрөн болон Эгийн голын усан цахилгаан станцын ажил Байгаль нууранд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийхээр  2 улсын Засгийн газар хоорондын түвшинд яригдаж байгаа.  Мөн өөр хамтын ажиллагааны олон боломж бидэнд бий. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд харилцаа холбоо их чухал. Харилцаа холбоо нь харилцан солилцооны үр дүнд бий болдог учраас эрдэмтэн, судлаач солилцох хөтөлбөр хэрэгжүүлж болох юм” гэлээ.


Холбоотой мэдээ