"Говийн парк" цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэллээ

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2022-05-16 12:52:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говь нутагт ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан “THE PARK OF GOBI”  буюу "Говийн парк" цэцэрлэгт хүрээлэнг Сайншанд суманд байгуулахаар энэ сарын 15-нд ажлаа эхэллээ.

Дээрх төслийн хүрээнд дөрвөн улирлын хүлэмж, хиймэл нуур, усан оргилуур, спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, мини гольфын талбай, дугуйн зам, явган хүний зам, соёлын бүтээлч үйл ажиллагааг явуулах задгай талбай, цэцэрлэгжүүлэлт, саарал усыг дахин ашиглах ухаалаг усалгааны систем, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Цэцэрлэгт хүрээлэн байгуулах газарт аймгийн төр, захиргааны байгууллагууд болон сургууль, соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөл мод тарьж ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд гар бие оролцсон юм.

Говийн парк байгуулах газрын ойр орчмыг хашаажуулж, бүтээн байгуулалт хийх газрыг үе шаттай төлөвлөж томоохон ажлыг өрнүүлэх болно гэж албаныхан мэдээлэв. 


Холбоотой мэдээ