Дулааны цахилгаан станцын шав тавих ёслолыг энэ сарын 22-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-16 11:24:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг 148 сая долларын зээлээр хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд Эрчим хүчний яамнаас томилсон Барилгын инженер, барилгын эрчим хүчний аудитор С.Мөнхбатаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Дээрх төсөл Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилготой.

Ажлын багтай аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон мэргэжлийн байгууллагуудын удирдлага, инженерүүд өнөөдөр /2022.05.16/ уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд дулааны станцын шугам сүлжээний трасс тохиролцох ажлыг талуудын оролцоотойгоор эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад чиглэл өгч, барилга угсралтын бэлтгэл ажлыг хангахаар болов. 

13.1 сая долларын хөрөнгөөр Баянхонгор аймагт барих дулааны станцын шав тавих ёслолыг энэ сарын 22-ны өдөр хийхээр тогтов.

Холбоотой мэдээ