“Хүүхдийн урлагийн бага наадам”-д 510 хүүхэд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Зууны манлай “Алдарт уртын дуучин”, Монгол Улсын гавъяат
жүжигчин Жагзавын Дорждагвын нэрэмжит “Хүүхдийн урлагийн бага наадам”
Мандалговь хотноо өнөөдөр эхэллээ.
2 өдөр үргэлжлэх тус наадамд 11 сумын 510 сурагч морин хуурын хамтлаг, уртын
дууны хамтлаг, ардын бүжгийн гоцлол, зохиолын дууны төрлөөр авьяас, чадвараа сорин өрсөлдөж байна.
“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраас жил бүр уламжлал
болон зохион байгуулдаг тус наадам цар тахлын улмаас 2 жил завсарлаж, энэ
жил ийнхүү болж байна. Тус наадамд оролцож буй сум бүрээс 20 хүүхдийн
бүрэлдэхүүнтэй морин хуурын хамтлаг, 10 дууч хүүхдийн бүрэлдэхүүнтэй уртын
дууны хамтлаг, нийт 30 гаруй хүүхэд иржээ.
Зууны манлай, алдарт дуучин Ж.Дорждагва 1904 онд Дундговь
аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн. Найман настайгаасаа хийдэд шавилан сууж, бурхны ном үзсэн бөгөөд Гандантэгчилэн
хийдийн хурлын дацангийн голч лам болж байжээ.
24 настайдаа хар болж, Төв түүхий эдийн баазад ноос
ялгагч, 1929-1932 онд Хэвлэлийн хороонд цаас зөөгч, туслах хэвлэгч, 1932-1975
онд Улсын төв театр, Хөгжимт драмын театр, Дорнод аймгийн хөгжимт жүжгийн театр,
Улсын ардын дуу бүжгийн чуулгад дуучин, дууны ангийн дарга, найрал дууны багш, Хөгжим
бүжгийн дээд сургуульд багшаар ажилласан байна.
Ж.Дорждагва монгол ардын уртын дууны дэгийг М.Дугаржаваас
өвлөн авч орчин цагийн монгол уртын дуучдыг сургаж хүмүүжүүлсэн багш байжээ.
Театрын ахмад зүтгэлтэн тэрээр 1947 онд Улсын төв театрт найрал дууны ангийг
үүсгэн байгуулж, анхны багшаар нь ажиллаж байжээ.
1935 оны есдүгээр сарын 25-нд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан VI хурлын тогтоолоор “Алдарт гавьяат дуучин” цол олгосны гадна Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна. 1945 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ.


