Хүүхдийн эрхийн хороог хүртээмжтэй ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-05 14:27:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Европын Холбооны санхүүжилтээр "Хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх" төсөл хэрэгжлээ. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалахтай зэрэгцэн ковидын цар тахлын үр нөлөөг бууруулахад чиглэсэн юм. Энэ талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз  хэлэхдээ, "Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Хүүхдийн эрхийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг олон хууль гаргаж, дотоодын хууль тогтоомжийг сайжруулахад томоохон ахиц дэвшил гаргасан"-ыг онцолж байна. Одоо харин өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа бататган, тогтвортой байдлыг ханган, хүүхэд хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэх нь чухал юм гэдгийг тэрбээр тодотгов. Улмаар "Монгол хүүхэд бүрийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд хамтран ажиллаж буй албан хаагч, мэргэжилтэн нарт Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо (ХЭХЗХ)-ны мэдлэг, ойлголтыг тэгш хүртээн нэмэгдүүлэх нь нэн тэргүүний хэрэгцээ юм” хэмээн тэмдэглэлээ.




Энэ талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Стивен Кент мөн хэлэхдээ, “ХЭХЗХ-ны гишүүний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой байна” гээд Монгол Улсын Засгийн газрын хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх үйлсэд түнш болон хамтрагч бүх байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал юм” хэмээн цохон тэмдэглэж байна“Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ковидын цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийг манай улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран  хэрэгжүүлж буй юм.

Төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21  аймаг 9 дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо (ХЭХЗХ)-дын гишүүдэд зориулсан гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.




Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт холбогдсон, гэрч хохирогч болсон хүүхэд бүрд шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх юм. Энэ талын үйлчилгээ, салбар дундын зохицуулалтыг сайжруулах зорилгоор ХНХ-ын болон ХЗДХ-ийн сайдын өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-ны хамтарсан тушаалын хавсралтаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам” шинэчлэн баталсан юм. Тиймээс ХЭХЗХ-дын гишүүдийн чадавхыг бэхжүүлэх нь чухал байгаа аж.

 

 

 

 

Холбоотой мэдээ