Ахмадын спортын III наадамд 85 настай ахмад оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-04 15:35:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын спортын гуравдугаар наадам өнөөдөр Мандалговь хотноо эхэлж, 14 сумын 176 ахмад оролцож байна.

Ахмад настны эрүүл мэнд, насжилтыг дэмжих, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, олон нийтийг уриалах, хүүхэд залууст үлгэрлэх зорилго бүхий спортын энэхүү наадмыг аймгийн ЗДТГ, Ахмадын холбоо, Биеийн тамир, спортын газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, “Алтан өргөө” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

Спортын наадамд оролцож буй ахмад тамирчид шатар, дартс, гар бөмбөг, бүжиг, шагайн харваа, ширээний теннис, модон бөмбөг гэсэн төрлүүдээр хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Тэмцээнд оролцогчдын дунд Монгол Улсын гавъяат багш, Олон улсын спортын мастер багш нэг, Спортын мастер 6, Спортын дэд мастер 4, Спортын зэрэгтэй тамирчин 10, Монгол Улсын харьшгүй мэргэн 5, Аймгийн гоц мэргэн цолтон 3 оролцож байгаа бөгөөд насны хувьд 70-79 настай 29, 80-аас дээш настай 5 ахмад байна. Хамгийн ахмад тамирчин 85 настай.

Наадмын нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Ахмадын холбооны дарга Ц.Сугир нар үг хэлж, спортоор тогтмол хичээллэн, залуу хойч үедээ зөв үлгэрлэж, улс, аймгийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцдог ахмадуудаар бахархаж байгаагаа илэрхийлэн, спортын наадамд оролцогчдод амжилт хүслээ. Тэмцээн 2 өдөр үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ