Украинд ээлжит бус сонгууль явуулахыг шаардлаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-08-02 10:28:23

КИЕВ. TASS/. Украины эрх баригчдын авлига авах асуудал газар авсан, үг хэлэх эрх чөлөө, шударга ёс хэрэгжихгүй байгаа тул парламентын ээлжит бус сонгууль явуулахыг Украины сөрөг хүчний эвсэл шаарджээ.

“Эрх баригчид ардчилсан шинэчлэл, өөрчлөлтийн талаар хоёр жил гаруй ярьж байгаа боловч Украин авлигад автсан, шударга ёс хэрэгждэггүй улс хэвээр байсаар байна. Парламентын сонгууль явуулах нь энэ бүх авлига, дарангуйлал, цензурыг зогсоох цорын ганц арга зам юм” гэж сөрөг хүчний эвсэл мэдэгдэлдээ дурдав.

Украины ард иргэдийн итгэлийг сэргээж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг алдахгүй байхын тулд авлигын асуудлыг таслан зогсоож, мөрдөн шалгаж, тэрслүү үзэлтнүүдийг улс төрөөр хавчин гадуурхахаа зогсоох хэрэгтэй гэж сөрөг хүчнийхэн эрх баригчдад уриалсан байна.

Мөн ОХУ-Украины хилийн дагуу барих ханын барилгын ажилд зориулж Ерөнхий сайд асан Арсений Яценюкийн төсөвлөсөн хэдэн зуун сая доллар хаашаа орсон бэ гэдэг асуултад Украины нийгэм хариулт хүсч байна гэж мэдэгдэлд дурджээ.

“Арсений Яценюкийн Засгийн газар 306 сая доллар шамшигдуулсан гэж Санхүүгийн хяналт, шалгалтын газрын дарга асан Николай Гордиенко мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн эсэхийг бид мэдэх хүсэлтэй байна” гэж мэдэгдэлд бичжээ.

Үүний зэрэгцээ Украинд нэр бүхий томоохон сэтгүүлчдийн амийг хөнөөх, хэвлэл мэдээллийн байгууллагууд руу хэт давруу үзэлтнүүд халдах асуудал хэвийн үзэгдэл болоод байна гэж тэд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ