Энэтхэг болон Бангладешт үер, цахилгааны улмаас олон хүн амь эрсэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-01 17:22:31

ШИНЭ-ДЕЛИ. /KAZINFORM/. Өнгөрсөн амралтын өдөр Энэтхэгийн Мумбай хотын захын дүүрэгт ширүүн бороо орсноор гурван давхар барилга нурсны улмаас наад зах нь есөн хүн амиа алджээ. Мөн өдөр тус улсын зүүн нутгийн Одиша дүүрэгт  32 хүн аянганд цохиулан амь эрсэдсэн гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Бямба гарагт тус улсын зүүн хойд нутгийн Ассам мужид ширүүн бороо орсны улмаас 17 хүн амиа алдсан тухай албаны хүмүүс урьд нь мэдэгдсэн юм.

Өнгөрсөн хоёр өдөр мөн Бангладешт 15 хүн аянганд цохиулан амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдээд, “бямба гарагт үерийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 17 болсон” гэв. Энэ он гарснаас хойш Бангладешт 300 орчим хүн аянганд цохиулан амиа алдаад байна.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Ази даяар ширүүн бороо тасралтгүй орсны улмаас ихээхэн гарз хохирол учирсан юм. Балбад л гэхэд өнгөрөгч долоо хоногт  үер болон хөрсний нуралтын улмаас наад зах нь 68 хүн амиа алджээ.

Сүүлийн өдрүүдэд ширүүн бороо орсноор гол нуурын усны түвшин аюултай түвшинд хүрсний улмаас Энэтхэгийн зүүн болон өмнөд нутагт 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, 3000 гаруй айл өрхийн орон гэр эвдэрч сүйдсэн байна.

1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн хувьд жил бүрийн борооны улирлын үеэр болдог үер нь тулгамдсан асуудлуудын нэг юм. Борооны улирлын үеэр үер усны аюул болсны улмаас дэд бүтэц эвдэрч сүйдэн, үр тариа усанд автан, айл өрхүүд орон гэргүй болж, тус улсад их хэмжээний эдийн засгийн хохирол учирдаг билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ