“Тэрбум мод” хөдөлгөөнд батлан хамгаалах салбарын бүх анги, нэгтгэл нэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-21 14:15:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах салбарынхан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн дэвшүүлэн тавьсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгтгэж буйгаа илэрхийлж, өнөөдөр БХЯ-нд хөдөлгөөний нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин ард иргэд, аймаг орон нутаг, салбарын хэмжээнд бүгд идэвхитэй оролцож буйг тэмдэглээд, өнөөдөр Батлан хамгаалах салбар өөрийн хүрээнд болон улсын хэмжээнд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийх ажлаа төлөвлөснөө танилцуулж нээж байна. Саяхан бид хэд хоногийн өмнө Хилийн цэргийн хүрээнд анги, салбар, отрядад хийгдэх ажлын талаар сонсож, үүрэг чиглэл өгсөн гэв.



"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын оролцооны нэг онцлог нь говийн бүсэд ойн зурвас, төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах зорилт тавин ажлаа Зүүнбаянгаас эхлүүлжээ. 


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарт 3 том зорилт тавьсныг тэрээр онцоллоо. “Нэгд, батлан хамгаалах салбарт, зэвсэгт хүчний анги, нэгтгэл, салбарын харьяа анги, хилийн заставууд харьяа газраа мод тарихаас гадна зэрэгцэн байгаль, цаг уурын хамгийн хүнд нөхцөлд байдаг говийн бүсэд мод тарьж ойн зурвас байгуулахад цэрэг армийнхан оролцохоо илэрхийлж буйг таатай хүлээн авч байна. Энэ хүрээнд зэвсэгт хүчнийхэн “Тавантолгой” болон “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтарч говийн бүсэд өрнөж буй томоохон бүтээн байгуулалт болсон шинэ төмөр замуудыг даган цөлжилтийг хязгаарлах ногоон зурвас бий болгох юм” гэдгийг онцоллоо.




Энэхүү үйл ажиллагаа өнгөрсөн жил Зүүнбаянгаас Тавантолгой чиглэлийн төмөр зам даган мод тарьснаар эхэлснийг тодотголоо. Энд ХААИС болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран томоохон Ажлын хэсэг байгуулж, ногоон зурвас байгуулах ажлын тооцоо судалгааг хийж ТЭЗҮ-г боловсруулсныг дурдлаа. Энэ дагуу Зүүнбаянд мод үржүүлгийн томоохон механикжсан төв байгуулагдаж буйг мэдээллээ. Энэ төвөөр дамжуулан говийн бүсийн цаг уур, газар нутгийн бүс бүслүүрийн онцлог нөхцөлд таарч тохирсон, шаардлага хангасан үр, үрсэлгээний томоохон төвтэй болохоор ажиллаж байна гэв.




Гуравт, зэвсэгт хүчин батлан хамгаалах салбар хүн хүч, техникийн нөөц боломж өндөр байдаг. Салбарын энэ чадавхийг ашиглаад жижиг оврын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, техник технологи нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагаа явагдана хэмээн тооцож буйг хэлэв. Ийнхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн салбар салбар бүрд өрнөж байгаа нь сайшаалтай. Тавдугаар сарын 14 гэхэд бүх салбарт нээлтээ хийж эхэлнэ гэдгийг тэрээр дурдлаа. 



Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ