Мод бут тарих ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-19 15:25:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй ажил, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн ажлыг зохион байгуулах Ажлын хороог хоёр дэд ажлын хэсэгтэй байгуулан ажиллаж байна. Зорилтот жилийн ажил сумдад хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, зөвлөмж үүрэг чиглэл өгөх, ирэх онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд эрэмбэ тогтоох, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж эхлэхтэй холбогдуулан энэ долоо хоногт сум бүрт ажлын хэсэг томилж ажиллуулахыг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн мэдэгдлээ.

“Мөн өнгөрөгч зун бороо хур сайтай байсны зэрэгцээ өвөл дулаахан байсны улмаас газар эрт гэсч, модны нахиа хугацаанаас өмнө задрах төлөвтэй байна. Модны суулгацыг нахиа задрахаас өмнө тарих шаардлага үүсч байгаа тул 4 дүгээр сарын 27-ноос эхлэн аймгийн хэмжээнд мод бут тарих эхэлнэ" аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан хэлж, байгууллагуудыг уг өдрөөс өмнө тарьц суулгацаа татаж авах чиглэл өгөв.

Мөн байгууллага бүр мод бут тарьж ургуулах чиглэлээр 1-2 хүнийг бэлтгэж мэргэшүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Холбоотой мэдээ