Рио-2016: Дүрвэгчдийн статустай тамирчид хүнд хэцүү амьдралынхаа тухай ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-01 11:38:28

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. Риогийн Олимпын наадамд оролцох болсондоо маш их баяртай байгаагаа дүрвэгчдийн статустай тамирчдаас бүрдсэн багийн 10 гишүүний зарим нь илэрхийлжээ.

Хөнгөн атлетикийн тамирчид өнгөрсөн амралтын өдөр хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн байна.

Олон улсын Олимпын хороо түүхэндээ анх удаагаа дүрвэгчийн статустай тамирчдын баг бүрдүүлсэн юм.

Дүрвэгчдийн статустай эдгээр тамичрны нэг бол Өмнөд Суданы 28 настай, 400 м-т гүйгч Жеймс Нян Чиенгжиек юм. Тэрбээр иргэний дайны үеэр аавыгаа алджээ. Түүнийг цэргүүд эгнээндээ элсүүлэхийг оролдож байжээ. Харин тэрбээр тэднээс зугтан Кени дэх дүрвэгчдийн хуаранд очиж, удалгүй гүйгч болжээ.

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр хэлэхдээ “улс төрийн хөндлөнгийн оролцоогүйгээр Риогийн Олимпод оролцох болсондоо баяртай байна. Биднийг тусалж дэмжсэн бүх хүмүүст талархаж байна” гэжээ.

Мөн Өмнөд Суданы 1500 м-т гүйгч Анжелина Нада Лохалит дүрвэгчдийн багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр иргэний дайны үед хүүхэд байхдаа эцэг эхээсээ салжээ. Тэрбээр одоо 21 настай аж. Энэ Олимп эцэг эхтэйгээ эргэн уулзахад нь тусална гэдэгт тэрбээр найдаж байна.

Кенид дүрвэгчдийн хуаранд байхдаа хөнгөн атлетикийн тамирчид шалгаруулж авах шалгалтын үеэр өөрийгөө “хурдан гүйдэг”-ийг олж мэдсэн гэж тэрбээр ярьсан байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ