"Цагаан суварга" байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт судалгаа явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-12 14:42:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын багийн гишүүд Дундговь аймагт ажиллаж, Цагаан суварга байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрыг үзэж, судалсан байна.  

Тус аймгийн хувьд одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай дөрвөн газар байдаг бөгөөд нийт 391 мянган га талбайг эзэлдэг. Үүнээс 2012 онд Их газрын чулууг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан бол үлдсэн гурав нь байгалийн нөөц газрын ангилалтай.

Дундговь аймгийн ИТХ-ын 2019 оны 14 дүгээр тогтоолоор Дэл, Хөнжлийн уул, Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын улбааг уламжлан хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор нийт 336,490 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлжээ.

Харин Соёлын яамнаас Цагаан суваргыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах тухай саналыг БОАЖЯ-нд өгсөн байна.

Говь нутгийг байтугай Монгол Улсыг дэлхийд гайхуулахаар тийм л үзэсгэлэнтэй энэхүү хайрхан бол Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг, их говийн үзэсгэлэн шавар ханан хавцал, эрт галавын их далайн эрэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав юм. Энд жилдээ дунджаар 50,0 мянган жуулчин ирдэг.

Цагаан суварга Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршино. Ямар нэг уул, хайрхан, суварга нь аль ч талаасаа харагддаг бол Цагаан суварга тийм биш. Урд талаасаа тэгш тал явсаар огцом цав болно. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны дээр гараад зүүн тийш тольдоход өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гайхамшгийг тольдож болно.

Олон жилийн өмнө далайн ёроолд байсан лаг шаврын давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олсон гэх. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй.

Алсаас харахад Цагаан суварга хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэдэг. Нар мандахыг тэндээс харвал өнгө өнгийн солонгон дунд умбаж, эрт галавын үед очсон шиг тийм амар амгаланг мэдэрч, сайхан мэдрэмж авдаг. Нутгийн иргэд Цагаан суваргыг “энергийн төв” ч гэж тодорхойлох нь бий.

Цагаан суваргаас зүүн тийш долоон километрт, намхан толгодын дунд Хэвтээ босоогийн агуй бий. Энэ агуйн урт нь 50 метр үргэлжилдэг. Онцлог нь агуй руу орохдоо босоогоор орох бөгөөд агуйн өндрийн хэмжээ намссаар гарч ирэхдээ бараг хэвтээгээрээ гарах шаардлага үүсдэг юм.

Уг агуй нь наанги шаварт уруйн усны элэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхлыг татдаг бөгөөд Э.Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт, 204 м/кв талбайтай томоохон агуй аж.

Хэвтээ босоогийн агуйг Цагаан суварга руу ирсэн хэн бүхэн очиж үздэг. Түүнээс гадна аялагчид Хөх цав, Дэл уулын хадны сүг зураг, бичээс, нарийн өндөр хадан хавцлаар гарч, шилийн сайн эрийн нутаглаж байсан домогт газар болох Дөрөө хангинах, Хонгор хайрхан зэрэг байгалийн болон түүхийн дурсгалт газруудтай танилцаж, амрах боломжтой юм.

Их говийн үзэсгэлэн, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал, уран сүмбэр шавар товцог, эрт галавын их далайн эрэг ирмэг, өргөн их говийн үзэсгэлэн төгс суварган цав, 70 метр урт үргэлжлэх хэвтээ босоогийн агуй, говь нутагт ховорхон тохиолдох хайлаасан төгөл, элсэн манхан ирсэн зочин бүрийн нүдийг баясгаж, сэтгэлийг татдаг.

Тиймээс ч төр засаг анхаарлаа хандуулж, энэ онд салбарын яамнаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 12 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсний нэг нь Цагаан суварга. Энэхүү үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газрыг онгон дагшнаар хадгалан хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ зайлшгүй бөгөөд энэ асуудалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын баг ийнхүү анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ