Гучин жилийн дараа төрөлх сургуульдаа зочиллоо

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-12 13:54:09

Дорноговь /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна.

Сургуулийнхаа түүхт 60 жилийг ойг тохиолдуулан 1988-1992 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийн эмчилгээний 4б ангид хамт суралцаж байсан оюутны төлөөлөл төрөлх сургуульдаа зочилж, амьдарч байсан дотуур байрандаа очиж дурсамжаа сэргээн, сурч байсан анги танхимдаа зочилж хичээл заалгаж байсан багшаараа дурсамжийн хичээл заалгаж, сургуулийнхаа шинэ захиралтай уулзаж баяр сэтгэгдлээ хуваалцсан байна. Гучин жилийн хугацаанд сургуулийн анги танхим, техник тоног төхөөрөмж бүгд шинэчлэгджээ.

Мөн тус сургуулийн “Оюутан түшиц” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж шинээр нэвтрүүлж байгаа тоног төхөөрөмж, хичээл сургалтын үйл явц, анги танхимын тохижилтыг үзэж сонирхсон байна. Одоогоос 30 жилийн тэртээ хувь заяагаар учирсан оюутнууд гэгээн залуу халуун насандаа хамт оюутны жилүүдийг үдэж инээж наргиж, хөгжилдөж явсан дурсамжаа сэргээжээ.

Дорноговийн анагаахын сургууль 1962 онд Анагаах ухааны дунд сургууль нэртэй байгуулагдсанаас хойш 1992 онд Анагаах ухааны коллеж, 2010 онд ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, 2014 оноос  АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль болон өргөжиж нэгэн жарныг амжилт бүтээл, алдар гавьяагаар  бичиглэн үлдээж бүс нутаг төдийгүй аймаг хотод олон зуун эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэсэн эрдмийн их уурхай  болон  өргөжсөн  байна.

Эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө зүтгэх чин хүсэлдээ хөтлөгдөн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, улс эх орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт төгсөгчид ахмад, дунд, залуу үеийнхэндээ сургууль байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, ойн баяртаа ангиараа ирж оролцохыг уриалсан юм.

Тус сургууль 60 жилийн ойгоо угтаж бүтээл ажлыг өрнүүлж байгаа бөгөөд “Эх оронч оюутан” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар дахь төв АШУҮИС-ийн оюутнуудыг хүлээн авч хилийн отрядаар аялуулсан бол багш-шавийн уулзалтыг ч зохион байгуулсан байна. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн түүхт 60 жилийн ойн баяр ирэх аравдугаар сард болох аж. 

Холбоотой мэдээ