Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-11 18:41:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил суманд зүүн бүсийн 7 сумын төрийн албан хаагчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 141 алба хаагч оролцжээ. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат урилгаар оролцов.

Хөдөө сумын төрийн алба хаагчдад хууль дүрэм, журмын өөрчлөлт, Засгийн газар, аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн тухай мэдээлэл өгөх, чадавхжуулах хэрэгцээнд үндэслэн энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Энэ үеэр зөвлөгөөнд оролцсон Баянжаргалан, Гурвансайхан, Говь-Угтаал, Дэрэн, Өндөршил, Өлзийт, Цагаандэлгэр сумын Засаг дарга нар сумандаа хийж, хэрэгжүүлж буй онцлох ажил, шинэ санал, санаачилгыг танилцуулж, туршлага солилцсон байна.  

Түүнчлэн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, батламжийг гардуулжээ.

Зөвлөгөөнд оролцогчид Өндөршил сумын орон нутаг судлах музейгээр орж, тус сумын түүх, соёлын үзмэрүүдтэй танилцсан бөгөөд зөвлөгөөний хоёр дахь өдөр гар бөмбөг, теннис, шатрын нөхөрсөг тэмцээнд оролцсон байна.

Өндөршил сумын Орон нутаг судлах музейг анх 1953 онд тус сумын түүх, өв соёлыг тээгч Т.Лувсандорж өөрийн олон жилийн турш цуглуулан хадгалж, бүрдүүлсэн үзмэрээр анх үүсгэн байгуулсан түүхтэй.

2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 67,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар анхны барилгад их засвар хийж, орон нутгийг судлах танхимын зориулалтаар тохижуулан ийнхүү үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тус танхимд өдгөө чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, түүх, угсаатны зүй, байгалийн баялаг, нутаг орны бахархлыг харуулсан 300 гаруй үзмэр хадгалагддаг. 

Холбоотой мэдээ