“Эрүүл мэндийг дэмжих төв” иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-11 08:45:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 350 сая төгрөгийн төсөвт өртгөөр шинэчлэн ашиглалтад орууллаа.

Мөн 1.5 тэрбум төгрөгийн зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нүдний кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмж, ясны сийрэгжилт үзэх аппарат, тархины доплер, уян дурангийн иж бүрдэл, компьютер томограф, чих хамар хоолойн кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг  суурилуулжээ.

“Эрүүл мэндийн дэмжих төв" нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлнэ хэмээн орон нутгаас мэдээлэв.

Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүн амтай бөгөөд олон улс, хот хоорондын тээврийн үйл ажиллагаа үүнийг дагасан хүний хөл хөдөлгөөн их байдаг тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэдийн эрэлт хэрэгцээ их байдаг аж.  

Холбоотой мэдээ