Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч залуустай уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-08 11:46:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголдоо сайхан амьдаръя" жагсаалд оролцогч залуустай өнөөдөр 12.30 цагт Соёлын төв өргөөнд уулзаж, ярилцахаар товлосон талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


Төв талбайд өчигдөр эхэлсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал өнөөдөр өглөөний 5.00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалд оролцогчдын дийлэнх нь залуус байсан бөгөөд Засгийн газарт долоон шаардлага хүргүүлсэн юм. 

Тодруулбал, 

Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх, 

Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах, 

Бизнес эрхлэгчдийг дэмжих,  Хөгжлийн банкны асуудлыг шийдэх, 

Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх, 

Дарга нарын хангамжийг зогсоох, 

Үнийн өсөлтөд арга хэмжээ авах,

 Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр 18.00 цагийн үед жагсагчдын шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдад танилцуулсан байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд захирамж гарган, ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгчээ.

Холбоотой мэдээ