Жэрэс ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Элэйн Жерриг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-07 11:38:49

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат Жерес Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Элэйн Жерри, төслийн орон нутаг хариуцсан ажилтан Тэрэса Гэймс нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төслийн хийсэн ажлууд  болон уур амьсгалын өөрчлөлт, түүнийг хүмүүс хэрхэн даван туулах талаар санал бодлоо хуваалцлаа. Засаг дарга Д.Мөнхбат "Төслийн хүрээнд манай суманд бүлгээрээ ногоо тариалдаг иргэдэд ашиглуулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, эко зоорийг барьж, ашиглалтад оруулсан. Мөн иргэдийг эрэлт хэрэгцээтэй сургалт мэдээллээр тасралтгүй хангаж, хүмүүсийг хамтаар нь чадавхжуулж, багаараа ажиллаж сурахад танай төсөл дэмжлэг болж байгаа. Цаашид ч төслийн хүрээнд сургалт мэдээллээр хангаж ажиллахад дэмжлэг үзүүлж байгаарай" хэмээх талархлаа илэрхийллээ.

Жэрэс Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Элэйн Жерри "Архангай аймагт төслөө хэрэгжүүлэхдээ бид баяртай байдаг. Яагаад гэхээр аймаг, сумын удирдлагууд маш сайн хамтарч ажилладаг. Жэрэс ОУБ-аас Семаатерр-II, ИМПАКТ төслүүдийг Эрдэнэбулган суманд хэрэгжүүлдэг. ИМПАКТ төсөл дуусахад цөөхөн сар үлдлээ. Энэ хугацаанд болон бидний бэлтгэсэн сургагч багш нараар дамжуулан зөвхөн эмэгтэйчүүд гэхгүй бусад сурч, ажиллах сонирхолтой иргэдэд тасралтгүй, тогтмол сургалт, мэдээллээр хангаж, хамтран ажиллана" гэлээ.  

Жэрэс нь Франц улсад төвтэй олон улсын төрийн бус байгууллага бөгөөд Ази, Европ, Африк тивд хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Холбоотой мэдээ