“Хамтдаа даван туулъя” төслийн хаалтын ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-06 20:54:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага Европын холбооны санхүүжилтээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор “Хамтдаа даван туулъя” төслийг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлсэн.

Тус төслийн үйл ажиллагаа 18 сар үргэлжилсэн бөгөөд өнөөдөр хийсэн ажлаа дүгнэж хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, «Дэлхийн Зөн-Герман» Олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн төсөл хариуцсан менежер хатагтай Анья Гоулд, «Дэлхийн Зөн Монгол» байгууллагын гранти төслийн менежер Д.Болатбек, төслийн зохицуулагч Н.Байболат  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт нийт 3 эко жорлон, 20 өрхийн ариун цэврийн байгууламжийг шинээр барьсан, 150 өрхөд 4 удаагийн хүнсний багцын тусламж, гарын угаалтуур, стандарт усны сав, ариун цэврийн багцууд тараасан, 120 өрхөд жижиг дунд бизнес эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг олгосон гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. 

Холбоотой мэдээ