Монгол Улс Украинд 200 мянган ам.долларын тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-04 16:35:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Украин улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.


Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах энэхүү тусламжийн 150 мянган ам.долларыг НҮБ-ын Тусламжийн сангаар дамжуулж олгох аж. Харин Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор 50 мянган ам.долларыг нь шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Ташрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Украинд НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас 60 сая ам.долларын тусламжийг нэн даруй гаргахаа мэдэгдсэн. НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах албаны хийсэн судалгаагаар Украин Улсад 18 сая гаруй иргэн эрсдэлтэй байгаа бөгөөд үүнээс 12 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай юм.

Холбоотой мэдээ