Цогтцэций өртөөнд вагоны дугуй замаас гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнд ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй энэ сарын 27-ны 19.40 цагт замаас гарчээ.
Уг асуудлын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК-ийн хамтарсан ажлыг баг, холбогдох албаныхан ажиллаж буйг ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэв. Тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Тухайлбал, мэдээ бэлтгэхдээ ашигласан зураг нь 2018 онд авсан зураг байна" гэлээ.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн “Манай нийгэмлэгээс вагоныг газар дээр нь сэргээн засварлахаар ажиллаж байгаа. Хүнд хохирол үүсээгүй. Вагоны дугуй замаас гарсан шалтгаан нөхцөлийг одоогоор шууд хэлэх боломжгүй бөгөөд удахгүй тодорхой болно” гэв.