Иргэд, байгууллагуудын оролцоотойгоор төв гудамжаа тохижуулна

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-21 10:59:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Мандалговь хотын төв гудамжны тохижилт, бүтээн байгуулалтыг аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтад хотын төв гудамжны 1,1 км дагуу байрлах аж ахуйн нэгж байгууллага, дэлгүүр, үйлчилгээний газар, зочид буудлын төлөөлөл 38 хүн оролцжээ.

Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат тус гудамжны тохижилтын зураг, төслийг танилцуулж, энэхүү төсөл нь явган зорчигчдын аюулгүй, тавтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, худалдаа үйлчилгээний гадна тохижилт, гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж,  хог хаягдал гээд иргэд, үйлчлүүлэгчид, аж ахуйн нэгж байгууллагуудын тохь тухыг хангах төсөл болсон гэдгийг онцоллоо. 

Харин тухайн гудамж дагуу байрлах аж ахуй нэгж, байгууллагуудын хувьд гадна пасад, хаягжилтаа нэгдсэн загвар, зураг төсөлд тусгасан өнгөний кодоор сэргээн засварлаж, шинээр тохижуулж, хотынхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахыг тэрээр уулзалтын үеэр уриаллаа. Мөн иргэдийн алхах, дугуй болон спорт төхөөрөмжөөр явах, амрах боломжийг бүрдүүлэх юм.  

2022 онд Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиох бөгөөд түүхэн ойг угтсан бүтээн байгуулалтын энэхүү ажилд олон нийтийн оролцоог хангахын тулд иргэдийн бүлгүүдийг оролцуулах, ногоон байгууламж, тохижилтын ажлыг гүйцэтгүүлж, ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ