С.Амарсанаа: Хариуцлагатай, мэдлэгтэй, чадвартай иргэнтэй байж л сум орон нутаг хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-16 22:28:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг дарга С.Амарсанаатай тус сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, ирээдүйн зорилго, сумын хөгжлийн асуудлаар тодруулж, ярилцлаа.  


-Сайхан-Овоо сум 2022 оныг “Хувь хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан байна. Энэхүү зорилтын хүрээнд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-2022 оныг аймаг “Хүнийг хөгжлийг дэмжих жил”, манай сум “Хувь хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Ер нь хариуцлагатай, мэдлэгтэй, чадвартай иргэнтэй байж л сум орон нутаг хөгжинө. Тэгэхээр иргэдийг илүү хариуцлагатай, илүү оролцоотой, зөв хандлагатай болгох нь энэ жилийн зорилго болж байна гэсэн үг юм.

Тиймээс хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр олон сургалт хийж, оролцуулах боломжийг нэмэгдүүлж ажиллана. Сая Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр сумын Эмэгтэйчүүдийн холбооны чуулган боллоо. Энэ үеэр эмэгтэйчүүдийнхээ харилцаа, хандлагыг сайжруулах зорилгоор “Говийн хөгжил наран” ТББ-аас сургалт авсан. Цаашдаа ч ийм сургалтуудыг иргэддээ олноор хийнэ.

-Хавар болж, мал төллөж байна. Энэ жил өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ, танай сумын малчид нутагтаа өвөлжиж, хаваржиж байгаа юу?

-Тийм ээ, энэ жил цаг сайхан байна. Өнгөрсөн жил малчдын хувьд хүндхэн жил болж өнгөрсөн. Зун нь хур бороо бага орсноос болж өвөл ихэнх малчид маань отроор явж, хавар удаа дараа байгалийн гамшиг болж, байгалийн шалгуур ихтэй байлаа шүү.

Харин энэ жил харьцангуй тайван сайхан, өнтэй өвөл болж, төлийн дуутай золголоо. Хавар салхи шороо багатай, эртхэн ногоотой золгосон хавар байгаасай л гэж хүсч сууна.

Одоогоор малын хорогдол гайгүй байна. Малчид маань нутагтаа сэтгэл амар өвөлжиж, хаваржиж байгаа. Энэ чигээрээ хаврыг амжилттай давахын төлөө манай малчид хичээж байна.

-Өнгөрсөн жил сумандаа хэрэгжүүлсэн томоохон ажлууд юу байна вэ?

-Өнгөрсөн жил суманд бүтээн байгуулалтын нэлээд ажил хийгдсэн. Дэд бүтцийн хэд хэдэн асуудлыг шийдэж чадсан. Олон жил сумын иргэдийн хувьд тулгамдаад байсан нэг асуудал бол “Онги” гол гатлах бэрхшээл байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж, гол дээгүүр стандартын шаардлагад нийцсэн бетонон гүүр тавьж, ашиглалтад орууллаа.

Мөн сумын төвийн бүх байгууллагыг нэгдсэн халаалт, цэвэр усны шугамд холбосон. Энэ шугам гэр хорооллын айл, өрхөд нэлээд ойр очсон, зарим айлууд шугамд холбогдоод амжсан байгаа.

Шинээр сургуулийн барилгын ажил эхэлсэн. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэж байгаа. Одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

2021 онд бидний хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол “Хоггүй сум” болох байлаа. Энэ ажлыг хэрэгжүүлээд сумынхаа хогийг цэгцэлсэн. Энэ жил иргэдэд “Хогоо хэрхэн ангилах” тухай сургалт хийж, ангилж эхлэхээр төлөвлөж байгаа.

-2021 онд хийж эхлээд арай дуусаагүй ажлууд байна гэж ойлголоо. Энэ жилийн хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулах уу?

-Энэ жил бүтээн байгуулалтын хувьд сургуулийн барилгаа 100 хувь дуусгаж, ашиглалтад оруулна. Сумандаа бохир усны шугам тавьж байгаа, үүнийг дуусгана. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө 6 дугаар сард дуусгаж, хүлээж авна.

“Хог хаягдлын холбоо” ТББ-тай хамтраад 4 дүгээр сард “Хог хаягдлын менежмент” сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр иргэд хогоо ялгаж, ангилж сурна. Хогоо ангилаад эхлэхээр манай сумын хувьд аль хог хамгийн их гарч байна, түүнийг дахин боловсруулах үйлдвэртэй болж, түүнийгээ баялаг болгохоор зорьж байгаа.

Түүнээс гадна халуун усны газар, Соёлын төвд засвар хийх, сумандаа 5 км засмал замтай болох гэх мэт бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөж байна. Замын хувьд энэ жилдээ зураг төсвөө гаргана.  

Саяхан аймгийн хэмжээнд “Аялал жуулчлалын форум” боллоо. Үүнээс санаа аваад сумандаа бас ийм форум зохион байгуулахаар ярилцаж байна. Учир нь манай сум бол аймагтаа хамгийн олон жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалаар тэргүүлэгч сум гэж хэлж болно.  

Энэхүү форумд оролцож байх үеэр аялал жуулчлалын хөгжлийн асуудлаар маш олон илтгэл, мэдээлэл тавьж, эндээс сумаараа аялал жуулчлалаас орлого олох боломж байгааг олж харлаа. Аялал жуулчлалыг жуулчны баазуудын үйл ажиллагаа гэж харахаас илүү иргэн бүр түүнээс орлого олох ямар боломж байгааг олж, хэрэгжүүлэх шаардлага байна. Морин аялал, тэмээн аялал, зан заншлын аялал, нүүдэлчдийн аялал, бясалгалын аялал гэх мэт олон аялал зохион байгуулж болох нь. Гол нь бид өөрсдөө энэ чиглэлээр чадамжаа нэмэгдүүлж, чанартай үйлчилгээ явуулах хэрэгтэй байна.

-Энэ ажлаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?, ямар нэг санаа, төлөвлөгөө байна уу?

-Энэ хавар аялал жуулчлалын төлөвлөгөөгөө боловсруулаад, 8 дугаар сард тур компаниудын аялал зохион байгуулья гэж ярилцаж байна. Тэгэхээр 2022 онд сумаараа жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлаа хангаж, 2023 оноос хэрэгжүүлж эхэлнэ.

Гэхдээ энэ жил жуулчид хүлээн авахгүй гэсэн үг биш л дээ. Энэ жилийн хувьд жуулчны баазууд жуулчнаа хүлээж авна. Харин ирэх жил арай өөр түвшинд ажиллаж, илүү олон жуулчныг сумаараа хүлээн авч, илүү олон хүн түүнээс орлого олдог болно гэж бодож байгаа.  

Түүний тулд бид аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ маш сайн төлөвлөн гаргаж, сурталчилгаагаа хийж, чанартай зохион байгуулна гэсэн үг юм. Тэгэхээр хэрэгжүүлэхийн тулд тур компаниуд, аймгийн ЗДТГ, БОАЖГ гээд олон байгууллагатай холбоо тогтоож, сумандаа форум зохион байгуулж, хамтран хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ямар ажлыг хэрэгжүүлэх вэ?

-Манай сумын хувьд аймагтаа байдаг ганцхан гол дайран өнгөрдөг давуу талтай сум. Тиймээс тариалан эрхлэлт, чацаргана тариалалтаар аймагтаа дээгүүрт орох байх.

Энэ жил Онгийн голын хоёр талаар 70 км газрыг хашаажуулж мод тарихаар төлөвлөж байгаа. Газрыг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа олгоно. Энэ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудад хамтран ажиллах хүсэлт тавьсан, хэрэгжүүлнэ.

-Иргэдийн амьдрал, амьжиргаа, цаашдын хөгжлийг  та хэрхэн харж байна вэ?  

-Сайхан-Овоо сумын хөгжлийн гол чиглэл бол ХАА, газар тариалан, аялал жуулчлал байна гэж харж байгаа. Удаан хугацааны туршид “ковид”-ын улмаас иргэдийн идэвх, хөдөлмөрлөх хүсэл, сонирхол нэлээд буурсан байдалтай байх шиг санагдаж байгаа.

Манай сумын хувьд үйлдвэрлэл тийм ч олон биш, худалдаа голлож байна. Ерөнхийдөө бизнесийн салбар зогсонги байдалд байна. Гэхдээ одоо сэргэх байх гэж найдаж байгаа. Бид ч иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлнэ.

Иргэд өөрсдөө хүсвэл юуг ч хийж чаддаг. Жишээлбэл, манай сумын хувьд сүүлийн саруудад архи, согтууруулах ундааны борлуулалт 50 хувиар багассан байна. Энэ нь хүмүүс архинаас татгалздаг болж байна гэсэн үг.

Энэ мэтчилэн тэдний хүслийг төрүүлж чадвал юуг ч хийж болох нь харагдаж байгаа юм. Өнөөдөр сумын иргэдийн дийлэнх нь банканд зээлтэй байна. Цаашдаа хоршоо байгуулж, хоршиж ажиллах, хуримтлал үүсгэх тал дээр иргэдээ хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Улс орны бодлого ч энэ рүү чиглэж байна гэж ойлгож байгаа.

-Иргэддээ хандаж юу хэлэх вэ?

-Сумын маань хөгжил иргэд та бүхний оролцоо, бидний хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжиж, амьдралаа дээшлүүлж, сумандаа сайхан амьдарцгаая гэж уриалъя.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ