“Ford” Европт нийлүүлэх цахилгаан автомашины тоогоо нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-15 16:45:54

ВАШИНГТОН. /AP/. Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford” компани цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд 2024 он гэхэд Европт цахилгаан суудлын гурван шинэ автомашин, арилжааны цахилгаан дөрвөн шинэ тээврийн хэрэгсэл нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ.


Даваа гарагт “Ford” компанийн мэдээлснээр, тус компани Европт 2026 он гэхэд 600 мянга гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн ирэх зургаан жилийн хугацаанд Германы Кёльн хотод 1.2 сая цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр урьдчилан тооцоолж байна.


Ford” анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашинаа ирэх оноос Кёльнд үйлдвэрлэж эхэлнэ. Улмаар хоёр дахь тээврийн хэрэгслийг 2024 оноос үйлдвэрлэлийн шугамд нэмэх юм байна. Мөн “Ford Puma” машиныxaa цахилгаан хувилбарыг 2024 оноос Румыны Крайова хотод үйлдвэрлэнэ.


Ford”-ын тэргүүн, гүйцэтгэх захирал Жим Фарли хэлэхдээ, “Европт өөрчлөлт хурдацтай байгаа нь манай салбарыг илүү сайн, илүү цэвэр, илүү дижитал машин бүтээхийг уриалж байгаад баяртай байна. Бид Европын төдийгүй дэлхий дахины эрэлт хэрэгцээг хангахын тулд бүхий л хүчин чадлаа дайчилж байна" гэжээ.


Энэ сарын эхээр “Ford” цахилгаан тээврийн хэрэгсэл, дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн үйл ажиллагаагаа хоёр бие даасан бизнес болгон хувааж байгаагаа мэдэгджээ. Тодруулбал, “Ford Blue” нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүрүүдэд, “Ford Model e” нь цахилгаан тээврийн хэрэгслийг бүтээхэд түлхүү анхаарна. 


Тус компани нь 2026 он гэхэд хоёр сая гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалж, 2030 он гэхэд тээврийн хэрэгслүүдийнхээ тэн хагасыг цахилгаан болгохыг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ