Бүх нийтийн цэвэрлэгээг тогтмолжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-14 16:57:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сумын Засаг дарга Г.Энхбаярын захирамжийн дагуу Баянхонгор сумын айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газраас гадагш 50 метрийн тойрог доторх хог хаягдлыг, төрийн байгууллагууд нийтийн эзэмшлийн газруудын хог хаягдлыг хуваарийн дагуу цэвэрлэлээ. Тус ажилд аймгийн төвийн 53 байгууллагын 1500 гаруй албан хаагч оролцжээ.

Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсгийг Баянхонгор сумын Засаг даргын Орлогч С.Батцэрэн ахалж, сумын ЗДТГ-ын дарга Г.Хүрэлсүх, багийн Засаг дарга нар, Байгаль орчны албаны мэргэжилтнүүд хамтран иргэд хөдөлмөрчид, албан байгууллагуудыг идэвхтэй татан оролцуулах ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Зохион байгуулагчид хэлэхдээ, Бүх нийтийн цэвэрлэгээнд албан байгууллагуудаас гадна ахмад настнууд идэвх зүтгэлтэй, харин  орон сууцны оршин суугчид, залуус идэвх муутай оролцсоныг онцолж байна.

Бүх нийтийн цэвэрлэгээг цаашид тогтмолжуулах бөгөөд энэ нь агаар, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, цэвэр эрүүл орчинд амьдрахад ихээхэн ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ